“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл 13 суманд хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-05-14 12:45:40

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БОАЖЯ, ХХААХҮЯ-наас хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн зөвлөлдөх уулзалтыг Говь-Алтай аймгийн Алтай хотноо тавдугаар сарын 14-нд зохион байгуулж байна.

Уг төсөл нь Тарвагатайн нуруу, Бөхөн шарын нуруу, Улаан шалын хоолой, Зармангийн говь гэсэн сонгогдсон газар нутагт хамаарах Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан зэрэг аймгийн 13 суманд хэрэгжих бөгөөд Говь-Алтай аймгийн Цогт, Чандмань, Эрдэнэ сум хамрагдаж байгаа юм.

Төсөл 2019-2025 оны хооронд 7 жилийн хугацаанд “Бэлчээр, ойн доройтлыг бууруулах замаар Саян, Хангайн уулс, өмнийн говийн эко системийн үйлчилгээг сайжруулах, тогтвортой амьжиргааг дэмжих, биологийн олон янз байдлыг хамгаалах” гэсэн зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.

Зөвлөлдөх уулзалтад Говь-Алтай аймгийн удирдлагууд, холбогдох хэлтэс, агентлагийн дарга, мэргэжилтнүүд, төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөөлөл, Цогт, Чандмань, Эрдэнэ сумын Засаг дарга нар, газрын даамал, тусгай хамгаалалттай газар нутгийн төлөөлөл нийт 47 хүн хамрагдаж байгаа юм.

Холбоотой мэдээ