“Ховд эко цемент”-ийн үйлдвэр 2020 онд ашиглалтад орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Буянт суманд “Ховд эко цемент“-ийн үйлдвэрийн барилгын ажил өнөөдөр эхэлж байна.
Засгийн газрын 21:100 хөтөлбөрт багтсан энэхүү үйлдвэр нь жилд 300 мянган тонн цемент үйлдвэрлэж, баруун бүсийн цементийн хэрэглээг 100 хувь хангах юм. Одоогоор, баруун таван аймгийн нэг жилийн цементийн хэрэглээ 220 мянган тонн бөгөөд үнэ нь Улаанбаатарт худалдаж буй цементээс хоёр дахин буюу нэг тонн цементийн үнэ 300 мянган төгрөг байгаа юм.
“Ховд эко цемент”-ийн үйлдвэрийг ирэх онд ашиглалтад оруулж, нэг тонн цементийн үнийг 150 мянган орчим төгрөг буюу Улаанбаатар хотынхтой ижил болгоно. Үүний үр дүнд баруун аймгуудад орон сууцны нэг ам.метр талбайн үнэ 30-40 хувь хямдарч, 800 орчим мянган төгрөг болох тооцоог барилгачид гаргажээ.
“Ховд эко цемент”-ийн үйлдвэрийн барилга дээр орон нутгаас 100 гаруй хүн ажиллана. 2020 онд үйлдвэр ашиглалтад орсноор 250 хүн тогтмол ажлын байртай болох юм. Зөвхөн тээвэрлэлтээс гэхэд баруун аймгууд жилдээ 43 тэрбум төгрөг хэмнэх судалгаа байна.