Захиргааны ерөнхий хуулийг Үндсэн хуульд нийцүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав.
Захиргааны ерөнхий хуульд, Засгийн газрын гаргасан шийдвэрийг Захиргааны
хэргийн шүүх хянах буюу үйлчлэлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох хүртэл арга
хэмжээ авах эрхтэй байхаар заажээ. Гэвч энэ нь Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн
2 дахь хэсэгт “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй
бол Засгийн газар өөрөө болон УИХ хүчингүй болгоно” хэмээн заасантай зөрчилдөж
буй юм. Үндсэн хуулийн цэцээс 2005 онд “Засгийн газрын шийдвэрийг Захиргааны
хэргийн шүүх хянаж байхаар хуульчилсан нь Үндсэн хуулиар тусгайлан тогтоосон
Засгийн газрын эрх хэмжээнд халдсан” гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс Захиргааны
ерөнхий хуулиар Засгийн газар, түүний харьяа байгууллагын албан тушаалтны
гаргасан шийдвэрийг шүүхэд хэлэлцэхгүй байх заалт тусгажээ.
Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед дээр
дурдсан заалт хэт өргөн хүрээг хамарсан хэмээн УИХ-ын гишүүд үзжээ. Тиймээс “УИХ-аас
батлан хамгаалах, аюулгүй байдал, гадаад бодлого, төрийн өмчийн хувьчлал, ашигт
малтмал, байгалийн нөөцийн удирдлагатай холбоотой төрийн бодлогын үндсийг
тодорхойлсон улс төрийн шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлсэн тохиолдолд”
хэмээн өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
чуулганд танилцууллаа.
Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.6 хувь дэмжиж, хуулийг батлав.