Үндэсний сурын 2019 оны нээлтийн тэмцээн бямба гарагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-09 13:49:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний сурын харвааны энэ жилийн Монгол Улсын нээлтийн тэмцээн ирэх амралтын өдөр буюу тавдугаар сарын 10-12-нд болно.


Монгол Улсын мэргэн Д.Балдандоржийн нэрэмжит болгон зохион байгуулж буй уг нээлтийн харваа 2 өдөр үргэлжилнэ.  Нийслэлийн сурын харвааны талбайд болох энэ тэмцээнд оролцох харваачдын тооноос шалтгаалж, харвааг хэдэн өдөрт явуулах хугацааг товлох юм байна. Тавдугаар сарын 9-ний 18 цаг хүртэл тамирчдыг бүртгэж, 396-гаас дээш харваач бүртгүүлсэн тохиолдолд 10-12-нд, хоёроос гурван өдөрт багтаан зохион байгуулна хэмээн Монголын үндэсний харваачдын холбооноос мэдээллээ.


Энэхүү нээлтийн харваанд тэргүүлсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр хагас сая төгрөг хүртэж, аваргын алтан медаль зүүх юм. Харин 2-5 дугаар байр эзэлсэн харваачид 100-400 мянган төгрөгийн шагналыг хүртэх бөгөөд мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлийн эзэд болно.

 

 

Холбоотой мэдээ