УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайханыг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-09 11:52:54
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь Л.Өлзийсайханыг томилов.


УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна. Тиймээс Ц.Цолмонг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь хууль зүйн дээд зэргийн мэргэжил бүхий хүн томилох шаардлагатай болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар тодотгов. Тэрбээр, УИХ-ын Тамгын газарт  найман жил ажиллаж байгаа дадлага, туршлагатай Л.Өлзийсайханыг нэр дэвшүүлж байгаагаа сонордуулав. Мөн АТГ-аас нэр дэвшигчид хувийн ашиг сонирхлын зөрчил байхгүйг бичгээр мэдэгдсэн гэдгийг хэлээд, нэр дэвшигч Л.Өлзийсайхан УИХ-ын Тамгын газрын даргын албанд томилогдох болзол шалгуурыг бүрэн хангаж байгааг хэллээ. Төрийн байгуулалтын байнгын хороо энэхүү асуудлыг өчигдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан. Тэрбээр, “Цэдэвийн Цолмонг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Л.Өлзийсайханыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн” гэлээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт  асууж, тайлбар авав.


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, нэр дэвшигчийг олон жил УИХ-ын Тамгын газарт ажилласан туршлагад нь үндэслэн дэмжиж байгаа гэдгээ хэлэв. УИХ-ын гишүүн М.Энхболд, нэр дэвшигч Л.Өлзийсайханыг дэмжиж байгаагаа илэрхийлээд Ц.Цолмонгийн хэрэгжүүлж байсан ажлыг үргэлжлүүлэн ажиллахыг захив. Тэрбээр, “Ц.Цолмон  УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа улс орны өнцөг булан бүрт хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдийн төлөөллөөс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үнэтэй саналыг нэгтгэн, хуримтлуулсан. Хууль зүйн салбартаа мэргэшсэн, бэлтгэгдсэн залуу хүн. УИХ-ын ажлыг сааталгүй явуулах бололцоог ханган ажиллаж байсан. Тэрээр УИХ-ын чуулганыг 15 хэлээр шууд синхрон орчуулгатай болгох, гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлэх зэрэг технологийн шинэчлэл хийсэн. Энэ хүнийг "харлуулж", буруугаар бодож, хэлэхгүй байхыг хүсэж байна” гэлээ.


Ийнхүү санал хураахад, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонг чөлөөлж,  оронд нь Л.Өлзийсайханыг томилохыг гишүүдийн олонх дэмжив. Ингээд УИХ-ын дарга Г.Занданшатар албан тушаалд чөлөөлөгдөж, томилогдож байгаа дээрх хүмүүсийн тушаалыг уншиж, танилцуулав.


Нэр дэвшигч Л.Өлзийсайхан нь 1975 онд Дархан хотод төрсөн. 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 1999 онд хууль зүйн ухааны магистр хамгаалжээ. Тэрбээр, 1998-2002 онд МУБИС, 2002-2015 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багшаар ажиллаж байжээ. Мөн 2007-2012 онд УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх, ахлах зөвлөх, 2012 онд УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2013-2015 онд ШЕЗ-ийн ажлын албанд газрын дарга, 2015-2017 онд шүүгч, 2017-2018 онд УИХ-ын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018 онд ЗГХЭГ-т газрын даргаар тус тус ажиллаж байсан. Энэ оноос УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ