УИХ-ын дарга Г.Занданшатар шатрын спортын аварга тамирчдыг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-08 19:35:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга, Монголын Шатрын холбооны Хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар сурагчдын болон ахмадын дэлхийн аварга, Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд амжилттай оролцсон монголын тамирчдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Турк улсад өнгөрсөн сарын 17-26-нд болсон Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс сурагч Э.Энхрий, Х.Баясгалан, О.Өлзийхишигжаргал нар алтан медаль, Б.Ананд, Д.Мөнхзул, Н.Наран-Эрдэнэ нар мөнгөн медаль, Д.Сүхбат хүрэл медаль хүртжээ. 33 орны 392 тамирчин оролцсон тус тэмцээнд багийн дүнгээр Монгол Улсын сурагчид аваргалсан байна.


Түүнчлэн Грек улсад өнгөрсөн сарын 12-20-нд болсон Ахмадын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  65+ насны эмэгтэйчүүд, 50+ насны эрэгтэйчүүдийн тэргүүн байрыг монголын баг эзэлж, хошой аварга болсон юм. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-10-нд Шри Ланк улсад болсон Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс Ц.Анударь алтан медаль, Л.Очирбат хүрэл медаль хүртжээ.


Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, "Шатрын спортоор ОХУ, БНХАУ, АНУ зэрэг их гүрнүүд ихээхэн амжилт гаргадаг.  Түүнчлэн монголчууд оюуны цар хүрээ, чадвараараа их гүрний дайтай гэдгийг харуулж, нэн ялангуяа өсвөрийн шатарчид маань дэлхийд цахиур хагалж байна. Сурагчдын дэлхийн аварга болсон гурван сурагчдаа баяр хүргэе. Сүүлийн жилүүдэд манай охид, ахмад эмэгтэй шатарчид, эмэгтэй, эрэгтэй шигшээгийнхэн бүгд мундаг амжилт гаргаж байна. Оюуны энэ спортыг улам хөгжүүлэх зорилгоор Шатрын ордонтой болохоор төлөвлөж, газрын асуудлыг шийдсэн” гэлээ.


Энэ үеэр ахмад тамирчин, Монголын анхны эмэгтэй олон улсын мастер С.Хандсүрэн, амжилт гаргаж байгаа өсвөрийн тамирчдаа тууштай дэмжиж, сар бүр мөнгөн урамшуулал олгож байвал ирээдүйн дэлхийн аварга Монголоос төрөхөд том дэмжлэг болно хэмээв.

Холбоотой мэдээ