Л.Өлзийсайханыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-08 17:34:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайханыг томилохыг 100 хувийн саналаар дэмжлээ.


УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргажээ. Тиймээс УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Лувсандоржийн Өлзийсайханыг томилуулах саналаа УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. Л.Өлзийсайхан нь төрийн албанд 21 жил ажилласан бөгөөд үүнээс 8 жилд нь УИХ-ын Тамгын газарт ажилласан дадлага туршлагатай бөгөөд хуульд заасан шалгуурыг бүрэн хангаж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцолж байлаа.


Нэр дэвшигч Л.Өлзийсайхан нь 1975 онд Дархан хотод төрсөн. 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 1999 онд хууль зүйн ухааны магистр хамгаалжээ. Тэрбээр, 1998-2002 онд МУБИС, 2002-2015 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багшаар ажиллаж байжээ. Мөн 2007-2012 онд УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх, ахлах зөвлөх, 2012 онд УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2013-2015 онд ШЕЗ-ийн ажлын албанд газрын дарга, 2015-2017 онд шүүгч, 2017-2018 онд УИХ-ын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018 онд ЗГХЭГ-т газрын даргаар тус тус ажиллаж байсан. Энэ оноос УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа юм.


УИХ-ын Тамгын газрын даргын томилгоог маргааш буюу энэ сарын 09-нд болох чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.

Холбоотой мэдээ