Засаг төр өөрчлөгдсөнөөс хойш гарсан 100 өөрчлөлтийг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-08 17:11:25

ЕРЕВАН. /TASS/. Ерөнхий сайдаар томилогдсоноос нь хойш нэг жил өнгөрч байгаатай холбогдуулан  Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян хэвлэлийн бага хурал хийх үеэрээ өнгөрсөн хугацаанд улс оронд гарсан 100 өөрчлөлтийн талаар олон нийтэд ярьжээ. Эдгээр өөрчлөлт нь нийгэм, улс төр, эдийн засгийн амьдрал болон батлан хамгаалахын салбар зэрэг бүхий л хүрээг хамарчээ.


“Би Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсоноос хойш нэг жил өнгөрч байна. Энэ нэг жилийн үр дүн болон өнгөт хувьсгалаас хойш бидний амьдралд гарсан өөрчлөлтүүдийн талаарх 100 баримтыг танилцуулах боломж олдож байгаад баяртай байна. Хамгийн чухал баримтуудын нэг нь төсвийн орлого 129 сая ам.доллараар өссөн явдал юм. Бизнесийн орчин сайжирч, кассын машинаар 82 саяас илүү тооны чек гаргасан нь бизнесийг “сүүдэр”-ээс гаргаж байна гэсэн үг юм. Түүнчлэн 51 мянган ажлын байрыг ил болгож, улсын төсвийн орлого нэмэгдсэн” хэмээн Н.Пашинян ярьжээ.


Түүнчлэн энэ онд цэргийн албан хаагч, багш, эмнэлгийн ажилтнуудын цалин нэмэгдэнэ хэмээн Арменийн Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн байна.


Мөн банк, эмнэлэг, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, зам барилга, эрчим хүч, боловсрол болон бусад салбар дахь нөхцөл байдлыг сайжруулахад шинээр гаргах шийдвэрүүдийг Н.Пашинян танилцуулжээ. 


"Армени улс үг хэлэх эрх чөлөөний индексийн үзүүлэлтийг сайжруулж, олон улсын талбарт улсынхаа нэр хүндийг өсгөсөн. Бид авлигатай урьд өмнө нь тэмцэж байгаагүйгээр тэмцсэн” хэмээн тэрбээр хэлсэн байна. 

Холбоотой мэдээ