Сүхбаатарын талбайн авто зогсоолын төлбөр нийслэлийн төсөвт төвлөрнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-08 14:38:07
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Д.Сүхбаатарын талбайн урд хэсэгт "UB Construction" компанийн ажиллуулж байсан зогсоолын үйлчилгээг нийслэлийн өмчит "Улаанбаатар АЗЗА" ХХК өнөөдрөөс түр ажиллуулахаар болжээ.


"UB Construction" компани Д.Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг иргэдийн амарч тухлах усан оргилуур бүхий цогцолбор барих нэрийдлээр 2006 онд гэрээ хийж эзэмшжээ. Гэвч 13 жилийн турш тухайн газрыг зориулалтын бусаар ашиглаж, гэрээний заалтыг зөрчсөн тул Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тус компанийн газар эзэмших зөвшөөрлийг нь цуцлах захирамж өнгөрсөн сарын 23-нд  гаргасан. Тиймээс хотын захиргаанаас тухайн газарт иргэдийн амарч, тухлах таатай нөхцлийг цогцоор нь бүрдүүлсэн байгууламж барих төслийн уралдааныг мэргэжлийн байгууллагуудын дунд 14 хоногийн хугацаатай зарлахаар төлөвлөж байгаа юм байна. Энэ хугацаанд дээрх газрыг "Улаанбаатар АЗЗА" ХХК хуулийн дагуу хариуцахаар болсон бөгөөд зогсоолын үйлчилгээг иргэдийн эрх ашигт нийцүүлэн түр ажиллуулж, орлогоо нийслэлийн төсөвт төвлөрүүлэх аж. 2016 онд байгуулсан гэрээгээр “UB constraction” компани төлбөртэй зогсоолын орлогоос 30 хувийг нь нийслэлд төвлөрүүлэх үүрэгтэй байсан. Гэтэл нэг ч төгрөг хотын төсөвт орж ирээгүй байна.


НИТХ-ын 66 дугаар тогтоолын дагуу тус зогсоолд нэг тээврийн хэрэгсэл 30 минут нь 500, нэг цаг нь 1000 төгрөг гэсэн тарифаар 07.30-10.30 цагийн хооронд үйлчлүүлэх юм. Харин амралтын өдөр иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Холбоотой мэдээ