Алтанбулаг боомтын өргөтгөл, шинэчлэлтэй танилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2019-05-08 13:01:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтод хэрэгжүүлж буй Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах /МОН-3313/ төслийн ажлын явцтай өчигдөр /2019.05.07/ Азийн хөгжлийн сан /АХС/ болон бусад холбогдох албаны хүмүүс газар дээр нь очиж танилцлаа.


Уг төсөл нь Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/-ын “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах” /УМЭАХАБ/ хэлэлцээрт нийцүүлэн Монгол Улсын ургамал, малын эрүүл ахуйн тогтолцоог сайжруулж, улмаар ХАА-н болон хүнсний бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх зэргээр эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглэж байгаа юм.


Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тус хэлэлцээрт нийцүүлэн Монгол Улсын ургамал, малын эрүүл ахуйн тогтолцоог сайжруулж, улмаар хөдөө аж ахуйн болон хүнсний бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх зорилго бүхий МОН-3313 төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2017 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Энэ төслийг АХС-гаас 15 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 1,25 сая ам.долларын /гааль, НӨАТ-ын хөнгөлөлт хэлбэрээр/ хөрөнгийн эх үүсвэр бүхий зээлээр хэрэгжүүлэх юм.

 

Уг төсөлд ургамал, малын гаралтай бараа, хүнсний бүтээгдэхүүн нэвтэрдэг хилийн боомтуудтай холбогдсон КАРЕК-ийн 4Б коридорын дагуу байрлах Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ аймаг хамрагдаж байгаа юм.

 

Төслийн хүрээнд Замын-Үүд, Алтанбулаг боомт, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн барилгыг шинээр барьж, орчин үеийн өндөр мэдрэмжит тоног төхөөрөмжөөр хангах, дээж авах, шинжилгээ хийх арга, аргачлалыг олон улсын стандартад нийцүүлэх, лабораторийн шинжээчдийг сургана. Алтанбулаг, Замын-Үүд боомтод амьд мал, амьтан болон ургамлын хорио цээрийн байгууламжийг барьж ашиглалтад оруулна.


Мөн мал, амьтны халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлс хил дамжин тархахаас урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх, ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын хяналт шалгалтыг олон улсын стандартад нийцүүлэх, хил, хорио цээрийн хяналт шалгалтын эрсдэлд суурилсан хяналт шалгалтын удирдлагын системийг ашиглалтад оруулах юм.


Улмаар экспорт, импортын хяналт шалгалт хийх ажлыг цахимжуулах, Гаалийн байгууллагатай мэдээ, мэдээллийг цахимаар солилцох боломжийг бүрдүүлж бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчлөх зэрэг ажил хийж байна. Ургамал, малын эрүүл ахуйн, хүнсний аюулгүй байдлын арга хэрэгслийг сайжруулах төслийг 2021 онд хэрэгжүүлж дуусах юм.

Холбоотой мэдээ