Аминд хүрэх осол бас гэмтэл

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2019-05-06 18:52:04

Автомашин, мотоцикл (зам тээвэр)-ийн ослоос хүн амиа алдах явдал гарах юм. Ийм байдалд  дасах явдал амьдралд ажиглагдах боллоо. Бүр амьдралын салшгүй нэг хэсэг болсон мэт ойлголт газар авах хэмжээнд хүрэв бололтой. Энэ байдлыг  автомашин, мотоциклтой харьцахдаа хайнга хандах явдал гэж тайлбарлаж болно. Хүн мөнхрөхгүй нь тодорхой. Гэхдээ авто машин, мотоциклийн ослоор хүний амь үрэгдэх нь зүй бус хорогдол гэдгийг мартаж болохгүй. Цаг бусаар амь насаа алдахыг монголчууд цээрлэж ирсэн. Уламжлалаас харвал  авто замын ослоор хорвоог орхих нь байж болохгүй зүйл. Гэтэл  бид амь насаа хайрлах үүднээс яагаад машин,  мотоциклтой болгоомжтой харьцахгүй байна вэ?


Ослын шалтгаан нөхцөл өөр өөр байгаа нь ойлгомжтой. Гэвч түүний хар мөр арилахгүй, биднээс алслан холдохгүй байгаа нь юунаас болов. Ийм асуултыг бусдад бус өөртөө тавьж хүн бүр дор бүртээ  хариулт хайх хэрэгтэй болов уу. Танд хариулт хайхад чинь тус болох үүднээс зарим нэг тоо баримтыг энд дурдах нь зөв гэж үзлээ. Авто зам (гол төлөв автомашин, мотоцикл)-ын ослоор 2018 онд 529 хүн амь насаа алджээ.  Мөн ийм шалтгаан ( насанд хүрээгүй)- аар  52 хүүхэд энджээ. Энэ бол зөвхөн авто замын ослоор амь насаа алдсан хүний тоо. Авто замын болон өөр элдэв ослоор өнгөрсөн онд нийт хоёр мянга 920 хүн нас барсан гэх тоо баримт гарсан байна. Энэ бүгдийг зүй бусын хорогдол гэж ойлгож болно. Нэг үгээр хэлбэл, бидний дунд мөр зэрэгцэн ажиллаж хөдөлмөрлөж байх ёстой хүмүүс  шүү дээ. Дээрх тоо баримт биднийг урьд урьдынхаас илүү машин, мотоциклтой болгоомжтой харьцаж байхыг анхааруулж байна.


Хүний оролцоогүйгээр өөрөө явагч эдгээр оньсон техник осол гаргаад хүний  амь нас  авч одоод байгаа юм биш. Зөвхөн хүний хайхрамжгүй зан байдлаас гардаг гэж ойлгож болно. Ийм учраас биднээс их зүйл шалтгаална гэж хэлж болно. Ер нь энэхүү оньсон техник (машин, хүнд механизам, мотоцикл) хүний оюун ухаан хичээл зүтгэлийн үр дүнд бий болсон зүйл шүү дээ.  Хүний хөдөлмөрийн бүтээмжийг нэмэх үүднээс бий болсон нь тодорхой. Бүтээмж дээшиллээ. Түүнийг дагаад өндөр эрсдэл гарч ирлээ.  Авто замын болон техник, тоног төхөөрөмжтэй холбоотой эрсдэлээс зөвхөн амь насаа алдсан хүний тоо баримтыг  дээр дурдлаа. Үүний цаана бас гэмтэл авсан (зэрэмдэг болсон) олон хүн бий. Тэр талаар тусгайлсан тоо баримт бас байна.


Авто замын осолд орж 20 мянга 345 хүн 2018 онд гэмт (нас барсан хүний тоо орсон)-жээ. Мөн 375 хүүхэд ослын улмаас гэмт (нас барсан хүний тоо орсон)-сэн гэнэ. Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадаагүйн улмаас гарсан осолд өртөн гэмтэж, бэртэхээс гадна, өндөр (барилгаас унах)-өөс унах гээд олон янзын шалтгаан байна. Элдэв янзаар гарсан ослын улмаас 2018 онд  142 мянга 600 гаруй хүн гэмтсэн байх юм. Гарсан ослын шалтгаан нөхцөл бүрийг энд дурдах нь илүүц. Гэхдээ зайлшгүй дурдахгүй өнгөрч болохгүй осол, гэмтэл гэж байна. Энэ бол түлэгдэх явдал. Энэхүү ахуйн ослын улмаас   2018 онд зургаан мянга 500 орчим хүн түлэгджээ. Түүний 67 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд байсан байна. Бага насны хүүхдийн түлэгдэлтийн үнэмлэхүй олонх нь цахилгаан тогоонд ус, цай, шөлтэй хоол  буцалгах явцад гарсан гэнэ. Яг энэ цаг үед цахилгаан тогоо нь “тамын тогоо” болон хувирсан бололтой.


Монголчуудын хувьд, тулганы задгай галаас зуух, пийшин гэх мэт  галаас зай барьсаар цахилгаан тулга (плитик)-тай болох хүртэл замыг туулсан. Гэхдээ өвөг дээдэс маань үр хүүхдээ ил задгай галаас ангид өсгөж, хүмүүжүүлсэн уламжлалтай. Задгай тулганы галаас үр хүүхдээ хамгаалахын тулд гэрийн хана, унинаас уяж байсан байх юм. Гэхдээ нүүдлийн амьдралаас суурин амьдралд шилжсэн. Түүнийгээ дагаад эсгий гэрээ байшингаар сольж байна. Байшин хана, шалнаасаа халж байгаа ийм нөхцөлд гал дулаацуулах үүргээсээ зарим хэсэгт нь чөлөөлөгдөж цахилгаан зуух (плитик)-нд цай, хоол хийх болжээ.  Чиг үүрэг нь өөрчлөгд (тулга)-сөн тул хэлбэр дүрс нь бас  өөрчлөгдсөн байх юм. Хот хөдөөгүй хурдан буцалгадгийг нь бодоод цахилгаан тогоог цай, хоол хийхдээ гэртээ өргөн ашилаж байна. Гэтэл түр зуур уг тогоотой цай, хоол буцлах хооронд хүүхэд түлэгдээд байгаа хэрэг. Түлэгдэх энэ аюул гаднаас биш биднээс шалтгаалж байна. Иймд цахилгаан тогоон (буцалгаж байгаа)-оос  бага насны хүүхдийг хамгаалах талаар, түүний хор аюулыг арилгах талаар бид юу хийх ёстой юм бол...  Ямар ч л байсан нялх үрсээ цай, хоолтойгоо цуг “буцалгаад” байж болохгүй гэдэг нь тодорхой.


Хүн амь насаа алдах, осол аюулын улмаас гэмтэж, бэртэж байгаа  тоо баримтыг шүүрдэн үзэхэд ийм байна. 

Холбоотой мэдээ