УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг болон АН-ын зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ.
Энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон Инновацийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн тайлан, “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай”, “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Түүнчлэн хэлэлцэх асуудлын жагсаалтад Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” тогтоолын төсөл багтжээ.