Хүний эрхийн хамгаалагчийн тухай эрх зүйн орчныг дээшлүүлэх талаар санал солилцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүний эрхийг хамгаалагчийн асуудал хариуцсан Нэгдсэн үндэстний байгууллагын тусгай илтгэгч Мишель Форстыг хүлээн авч уулзав.
Уулзалтаар Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад хүний эрхийн хамгаалагчийн тухай эрх зүйн орчныг дээшлүүлэх боломжийн талаар ноён М.Форсттой санал солилцов.
Тусгай илтгэгч М.Форст энэ сарын 13-ныг хүртэл Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалагчийн нөхцөл байдалтай танилцаж зөвлөмж гаргах бөгөөд энэ хүрээнд УИХ, Засгийн газар, Захиргааны хэргийн шүүх, Улсын Ерөнхий прокурортой уулзаж, орон нутагт ажиллахаар төлөвлөжээ. Үүний дараа тэрбээр, Монгол Улс дахь хүний эрхийн хамгаалагчийг тойрсон асуудал, хууль эрх зүйн орчны талаар урьдчилсан зөвлөмжийг Засгийн газар болон Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх юм. Мөн дэлгэрэнгүй зөвлөмжөө НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 43 дугаар хуралд танилцуулах аж.