Хуультай ч биелэлээ олж хэрэгжихгүй л байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-03-24 17:20:20

Монголын хэвлэлийн хүрээлэн /МХХ/-гийн 20 жилийн ойн хүрээнд өнөөдөр тус хүрээлэнгийн Мэдээллийн төвд “Хэвлэл мэдээлэл ба ил тод засаглал” хэлэлцүүлэг боллоо.

Одоогоос 20 жилийн тэртээ Данийн Засгийн газрын Данида төслийн хүрээнд ардчиллын үнэт шалгуур үзүүлэлт, зүрх хэмээгддэг чөлөөт хэвлэл, мэдээллийг хөгжүүлэх үйлсийн түүчээ болж Монгол Улсад МХХ байгуулагдсан түүхтэй.

Тус хүрээлэн нь чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэхийн төлөө хамтран зүтгэж ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг энэхүү хэлэлцүүлэгтэй урьж өнөөгийн  хэвлэл мэдээлэл ба ил тод байдал, мэдээллийн ил тод байдал-сэтгүүлчдэд тулгарч буй асуудлууд, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт сэдвийн хүрээнд санал бодлоо солилцох хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм.

Салбарынхан мэдээллийн ил тод байдлын өнөөгийн нөхцөл, тулгамдсан асуудлаа ийнхүү хэлэлцсэний дүнд тодорхой уриалга гаргахыг оролцогчдод санал болголоо. Ил тод, нээлттэй засаглалыг бий болгоход сэтгүүлчид төрийн байгууллагаас мэдээлэл авч, олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэх үүрэг хамгийн чухал байдаг.

“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн нь сайшаалтай хэдий ч бодит амьдралын хөрсөн дээр буухгүй өнөөг хүрсэнд олон шалтгаан, учир дутагдал бий. Энэ нь тус салбарын нэгдмэл бодлого, зарчим, сэтгүүлчийн хүнлэг ёс зүйтэй шууд холбоотой. Хуультай болсноор төрийн байгууллагынхан сэтгүүлчдэд, олон нийтэд мэдээллээ өгөхөд анхаарч, ач холбогдол өгдөг болсон нь нэг дэвшил хэдий ч төрийн байгууллагаас сэтгүүлчдэд өгч буй мэдээлэл нь учир дутагдалтай байгааг ч шүүмжилж байв.

Тэд тодорхой жишээ ч дурдсан юм. Нэгэн өдөр тутмын сонины сэтгүүлч, уул уурхайн лицензтэй холбоотой материал бичихээр салбарын яамнаас мэдээлэл хүсэв. Салбарын яамнаас мэдээлэл өгөхөөс татгалзаагүй ч хуулийнхаа хүрээнд 7 хоногийн дараа л хүсэлтийнх нь хариуг өгсөн байна. Харин энэ үед уг асуудлыг 7 хоногийн өмнө олон нийт хэлэлцээд, хэвлэл мэдээллээр түгээд өнгөрсөн байх жишээтэй. Мөн төрийн байгууллагаас мэдээлэл өгөхийг хүсэхэд уг асуудлыг судалж үзье, анхаарал хандуулъя гэх мэтээр төгс мэдээлэл өгөхгүй байх, эсвэл огт өөр мэдээлэл өгөх зэргээр булзааруулж, асуудлыг бүрхэгдүүлдийг ч онцолж байв.

Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө бодит байдал дээр ямар түвшинд байгааг олон улсын судалгаанаас үзэхэд хангалттай бус гэдгийг олон үзүүлэлтээр тодорхойлсон байдаг. Хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус, ил тод байдлын үнэлэмж нь олон хүчин зүйлээс хамааралтай байгааг энэ үеэр сэтгүүлчид онцолж байв.

Тухайлбал, сэтгүүлчдийн хүмүүнлэг ёс зүй, мэдлэг, ур чадварын хангалтгүй байдал, редакцийн хараат байдал, мэдээллийн ил тод нээлттэй бус байдал зэрэг нь дөрөв дэх засаглал хэмээгддэг хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж, хүчин мөхөсдүүлж байгааг олны танил туршлагатай сэтгүүлчид шүүмжилж байв.

Д.Өлзий 

Холбоотой мэдээ