АНУ тив хоорондын баллистик пуужин туршжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /TASS/. АНУ тив хоорондын “Minuteman III” баллистик пуужинг лхагва гарагт туршжээ. АНУ-ын Агаарын цэргийн хүчний /АЦХ/ командлалын хэвлэлийн албанаас мэдээлснээр, уг пуужинг Калифорни муж улс дахь АНУ-ын АЦХ-ий Ванденберг баазаас харвасан байна.
Туршилтын үеэр пуужингийн толгой хэсэг 4200 миль /6075 орчим км/ зайд амжилттай нисэж, Номхон далай дахь Маршаллын арлуудын Кважалейн шүрэн арлын бүсэд байдаа оновчтой тусжээ. “Энэ туршилт нь АНУ-ын цөмийн тогтоон барих хүч нь орчин үеийн, уян хатан бөгөөд XXI зууны аюул заналыг тогтоон барихад зохих ёсоор хэрэглэх боломжтой гэдгийг харуулж байна. Түүнчлэн холбоотнуудын бидэнд үзүүлэх итгэлийг бэхжүүлнэ” гэж мэдэгдэлд дурджээ. “Энэ туршилт нь дэлхий дахинд болж буй ямар нэг үйл явдал эсвэл бүс нутгийн сөргөлдөөний хариуд авсан арга хэмжээ биш” гэдгийг мэдээлэлд мөн дурдсан байна.
Ванденберг баазаас харвасан тив хоорондын “Minuteman III” баллистик пуужинг мэдээлэл цуглуулдаг нарийн төхөөрөмжөөр тоногложээ. Пентагон, АНУ-ын Эрчим хүчний яам болон Америкийн Зэвсэгт хүчний Стратегийн командлалын /STRATCOM/ мэргэжилтнүүд тив хоорондын баллистик пуужингуудын бэлэн байдал, чадавхийг шалгахын тулд цуглуулсан мэдээллүүдийг ашигладаг байна.
Пуужингуудад мөн өөрийгөө устгах команд өгсөн тохиолдолд уг командыг биелүүлдэг тусгай төхөөрөмж суурилуулжээ. Энэ удаагийн туршилтаар бэлэн байдлыг болон системийн нарийвчлалыг шалгасан аж.