Ассанжийг 50 долоо хоног хорино
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛОНДОН. /RIA Novosti/. Лондоны шүүхээс “WikiLeaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжид 50 долоо хоног хорих ял оноожээ. Түүнд барьцаагаар суллагдсан нөхцөлийг зөрчсөн хэргээр ийм шийтгэл оногдуулсан байна.
“Та өөрийн хүсэлтээр цагдаагийн газарт очоогүй, Эквадорын Элчин сайдын яамныхан цагдаа нарыг яаманд нэвтрүүлэхээс аргагүйд хүрсэн. Танд сонголт байсан ба ялыг хөнгөвчлөх бүх үндэслэлийг би няцааж байна” гэж шүүгч Дебора Тейлор ялын тогтоолыг уншихдаа хэлжээ.
“Та Эквадорын Элчин сайдын яаманд нуугдаад шүүх хуралд ирээгүй. Энэ улс танд улс төрийн орогнол олгосон, харин дараа нь татгалзсан. Та шүүхийн өмнөх шийдвэрийг давж заалдаагүй. Таны үйлдэл хууль, шүүхийн эсрэг чиглэсэн эсвэл шүүх хурлыг сунжруулах зорилготой байсан. Би таныг хууль ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Элчин сайдын яаманд орогнож байхдаа та Их Британийн эрх баригчдад өөрт тань хандах боломж олгоогүй” гэж шүүгч үргэлжлүүлэн хэлсэн байна.
Хууль ноцтой зөрчсөн учир Ассанжид хамгийн дээд хэмжээ буюу 12 сар хорих ял оноох ёстой гэж шүүгч онцлон хэлжээ. Гэхдээ “WikiLeaks”-ийг үндэслэгч уучлалт хүссэн захидлыг шүүгчид өгсөн учир 50 долоо хоног хорих шийтгэл оноосон аж.
"Энэ бол зүгээр л гутамшиг"
Шүүх хурлын үеэр танхимд болон шүүхийн гадна байсан Ассанжийг дэмжигчид түүнд оноосон ялыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна.
“Үгүй ээ! Энэ бол гутамшиг” гэж шүүхийн танхимд байсан хүмүүс хашхирцгаажээ.
Харин гудамжинд цугласан хүмүүс “АНУ, Их Британи хоёр Ассанжаас савраа тат!” хэмээн хашхирч байсан байна. Тэд “Ассанжийг сулла”, “Ассанжийг бүү шилжүүлэн өг”, “Үнэнийг чөлөөл, Ассанжийг сулла”, “Ассанжийн эрх чөлөө бол бидний эрх чөлөө” гэсэн бичиг бүхий зурагт хуудсуудыг барьсан байв.
“Энэ бол зүгээр л гутамшиг, тэд түүгээр даажигнаж байна, гэхдээ тэр бууж өгөхгүй” гэж эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсдын нэг хэлжээ.
Ассанжид оноосон ялыг “WikiLeaks” –ийнхэн “ихэд цочирдуулсан, машид хонзогносон” шийтгэл гэж үзэж байна. “Түүнийг шилжүүлэн өгөх асуудлыг Их Британид шударга шүүх эсэхэд бид маш их санаа зовж байна” гэж тус байгууллага твиттер хуудсандаа мэдэгджээ.
Лондоны шүүхийн шийдвэрээр, Ассанжийг шилжүүлэн авах тухай бүх баримт бичгийг АНУ Их Британид зургадугаар сарын 12-ноос өмнө өгөх ёстой байна.
Ассанжийн хэрэг
Афганистан, Ирак дахь АНУ-ын цэргийн ажиллагаанууд, Гуантанамогийн шоронгийн нөхцөл байдлын талаарх зэрэг нууц материалуудыг дэлгэснийхээ дараа Жулиан Ассанж олны танил болсон юм.
2010 онд Америкийн эрх баригчид түүнийг шалгаж эхэлсний дараа “WikiLeaks”-ийг үндэслэгч Шведэд очсон боловч түүнийг хүчингийн хэрэгт буруутгасан байна. Тэрбээр энэ хэргийг няцааж, бүх зүйл харилцан тохиролцсоны дагуу болсон, харин өөрийнх нь эсрэг гомдол мэдүүлсэн эмэгтэй өс санасны үндсэн дээр бас цагдаагийн нөлөөнд автсан гэж мэдэгджээ.
Шведийн шүүх Ассанжийг олон улсад эрэн сурвалжлагдаж буйг мэдэгдсэний дараа түүнийг Лондонд баривчилсан боловч дараа нь 200 мянган фунт стерлингийн барьцаагаар /одоогийн ханшаар 260 мянган ам.доллар/ суллажээ. Тэрбээр 2012 онд шүүх хуралд ирээгүй бөгөөд Лондон хот дахь Эквадорын Элчин сайдын яаманд нуугдсан юм. Ассанж өнгөрөгч дөрөвдүгээр сарын 11-нд баривчлах хүртлээ дипломат төлөөлөгчийн газар 7 жилийг өнгөрүүлсэн. “Хүндэтгэлгүй, түрэмгий зан авир” гаргасан, олон улсын гэрээ хэлэлцээрүүдийг удаа дараа зөрчсөн хэмээн Эквадорын эрх баригчид түүнийг цаашид орогнуулахаас татгалзжээ.