Буркина Фасо улсад террорист ажиллагаа эрчимжиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-05-01 14:00:03

УАГАДУГУ. /VOA/. Баруун Африкийн Буркина Фасо улсад лалын шашинт хэт давруу үзэлтнүүдийн ажиллагаа эрчимжиж, дөрөвдүгээр сард 65 хүн амиа алдсан байна.


Өнгөрсөн ням гарагт Силгаджи хотын хойд тосгоны сүмд зэвсэглэсэн этгээдүүд гал нээсний улмаас дөрвөн мөргөлч, нэг номлогч амиа алдсан тухай Буркина Фасогийн Аюулаас хамгаалах хүчин мэдээлжээ.


Сүүлийн гурван жилийн хугацаанд Буркина Фасод 230 гаруй халдлага гарчээ. АНУ тус бүс нутаг дахь цэргүүдийнхээ тоог цөөрүүлж байгаа хэдий ч Буркина Фасогийн цэргийн хүчин босогчдод үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж чадна хэмээн найдаж байгаа аж.


Буркина Фасод суугаа АНУ-ын Элчин сайд Андрей Янгийн “VOA” агентлагт мэдээлснээр, хэдхэн жилийн өмнө терроризмоос ангид байсан Буркина Фасод хүчирхийлэл хурдацтай газар авах болсон байна. Мөн тэрбээр, хэт давруу үзэлтнүүд олон мянган жилийн турш эв нэгдэлтэйгээр амьдарсан хүн амыг онилж, тогтвортой нийгмийг нураахыг оролдож байна гэж нэмж хэлсэн байна. 


Хэрэв Буркина Фасо дахь террорист этгээдүүд ялалт байгуулсан тохиолдолд тэдний хувьд Баруун Африкийн орнуудад нөлөөгөө нэмэгдүүлэх гарааны цэг болж магадгүй хэмээн эрх баригчид санаа зовниж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ