Гэмт хэргийн илрүүлэлт урд оны мөн үеэс 62.5 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-04-30 17:12:33

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдоржоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Зүүнбаян-Улаан суманд ажиллалаа.

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /ГХУСАЗЗ/-ийн 2019 оны ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу 19 сумын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэдийн хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг газар дээр нь түргэн, шуурхай хүргэх зорилгоор 4 ажлын хэсэг томилогдон ажиллах юм.

Энэ хүрээнд аймгийн ИТХ, ГХУСАЗЗ, ЦГ, МХГ, Шүүх, Прокурорын газар, Архивын тасаг болон Зүүнбаян-Улаан сумын төрийн  хуулийн байгууллагуудаас нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж, тус сумын иргэдэд төрийн үйлчилгээтэй холбоотой лавлагаа, мэдээллийг газар дээр нь шийдвэрлэн өгч байна. Мөн сумдын удирдлага, ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар заавар зөвлөмж өгсөн ба иргэдэд хуулийн салбар дахь цаг үеийн мэдээллийг хүргэн тэдний асуултад хариуллаа.

Тус сум нийт 1327 айл өрхийн 4039 хүн амтай. Тус суманд гэмт хэргийн гаралт бусад сумтай харьцуулахад дунджаас дээгүүр бөгөөд малын хулгайн хэргүүд зонхилж байна. Гэвч гэмт хэргийн илрүүлэлт урд оны мөн үеэс 62.5 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр галт зэвсэг эзэмших, ашиглах, бүртгэх, жолоочийн үнэмлэх нөхөн авах, солиулах, эрхээ сэргээлгэх чиглэлээр 32 иргэн санал хүсэлт тавьснаас 6 иргэний материалыг хүлээн авч шийдвэрлэлээ. 

Холбоотой мэдээ