“Хүчирхэг Монгол” тэмцээн бодибилдинг, фитнесийн төрлөөр болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор "Хүчирхэг Монгол" тэмцээнийг жил бүр уламжлал болгон аль нэг спортын төрлөөр зохион байгуулдаг.
Энэ жил тус тэмцээнийг бодибилдинг, фитнесийн төрлөөр зургадугаар сарын 8-ны өдөр "Корпорэйт конвеншн центр"-т зохион байгуулахаар болсон байна. Тус тэмцээн Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит болж анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд хамгийн их шагналын сантай бодибилдинг, фитнесийн тэмцээнээр нэрлэгдэж байна. Бодибилдинг, классик физик, мэнс физик, бикини фитнес гэсэн нийт 4 төрөл, 9 ангиллаар тэмцээнд оролцогчдыг шалгаруулна.
Тэмцээний цахим бүртгэл 2019 оны дөрөвдүгээр сарын 12-нд нээгдсэн бөгөөд бодибилдинг, фитнесийн тамирчдад нээлттэй. Тус тэмцээний зорилго нь бодибилдинг, фитнесийн спорт, нийтийн биеийн тамирын идэвхийг сайжруулах, тамирчдын ур чадварыг дээшлүүлэхэд оршдог.
Дашрамд дуулгахад, өнгөрсөн оны "Хүчирхэг Монгол" тэмцээн пауэрлифтинг буюу хүчний 3 төрөлтийн спортоор Сүхбаатарын талбайд болж байсан юм.