Отрын бүс нутгийг чөлөөлөх ажлыг эрчимжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-04-29 12:06:22

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын орлогч Т.Мөнхболдоор ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар, Түмэнцогт, Мөнххаан суманд ажиллалаа. Төрийн тусгай хамгаалалттай газар болох отрын бүс нутаг, байгалийн нөөц газруудыг чөлөөлөх зорилгоор ажилласан юм. Тус газар нутагт нутаглаж байгаа малчдад 14 хоногийн хугацаанд газраа чөлөөлөхийг үүрэг болгов. 

Сүхбаатар сумын тавдугаар багийн нутаг Бага уул гэдэг газар бол Сүхбаатар аймгийн отрын гол бүс нутаг. Цаг хүндрэхэд аймгийн малчид энэ нутагт ирж нутагладаг. Гэтэл сүүлийн жилүүдэд гадны малчид тус бүс нутагт олон тооны малтай ирж нутаглан, бэлчээрийг талхлах болсон. Өдгөө зөвхөн тус нутагт 20 гаруй гадны малчин нутаглаж байна. Нэг айл 500-гаас дээш малтай, нийт мал сүргийн  ихэнх хувь нь бод мал. Дээрх сумын нутагт УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, Монгол Улсын тод манлай уяач Л.Батмөнх зэрэг нөлөө бүхий хүмүүсийн адуу олон тоогоор нутаглаж байна. Тэдний хувьд аль нэг малчнаа тухайн сумын харъяалалтай болгож, ийнхүү олон жил нутаглажээ. Зарим малчдын хувьд газар нутагт хүнийрхүү хандаж үхсэн малын сэг зэм, хог хаягдлаа бууцан дээрээ орхиж, газар газар сэлгэн нутагладаг. Энэ болгонд сум, багийн удирдлагуудын зүгээс шаардлага тавьж, малчдыг өөрсдийн харьяа нутагруу буцахыг анхааруулдаг ч энэ нь ажил хэрэг болдоггүй, өөрөөр хэлбэл тэдний хүч хүрдэггүй гэж болно. Тиймээс аймаг орон нутгийн зүгээс үүнд онцгойлон анхаарч, тусгай ажлын хэсэг гарган отрын бүс нутгийг чөлөөлөх ажлыг ийнхүү эрчимжүүлээд байгаа юм.


Нөхцөл байдал үнэхээр хэцүү болсон байна. Нэг үгээр хэлбэл Сүхбаатар аймгийн отрын бүс нутгийг гадныхан, үүн дундаа нөлөө бүхий хүмүүс эзэлсэн байна гэхэд хилсдэхгүй. Олон тооны мал оруулж ирдэг, зөвшөөрөлгүй худаг ус гаргадаг асуудал энгийн үзэгдэл болжээ. Тиймээс үүнийг даруйхан цэгцлэх шаардлагатай болсон байна. Ер нь ийм байдалд хүрэхэд зарим сум, багийн Засаг даргын нарын оролцоо ч байгаа. Бид үүнийг ч мөн хэлэлцэн шийдвэрлэнэ. Эхний ээлжинд гадны малчдыг гаргах нэн шаардлагатай. Малчдад мэдэгдэл хүргүүлж, 14 хоногийн хугацаанд газар нутгийг чөлөөлөхийг үүрэг болголоо. Хэрвээ заасан хугацаанд чөлөөлөөгүй тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцож, цаашлаад албадан нүүлгэх хүртэл арга хэмжээг авна. Ингэж байж энэ ажил үр дүнгээ өгөх юм. Үгүй бол энэ газар нутаг дахин сэргэхэд үнэхээр хэцүү болсон байна гэдгийг аймгийн Засаг даргын орлогч Т.Мөнхболд хэллээ.

Сүхбаатар сумын хоёрдугаар багийн засаг дарга Ц.Анхбаяр,

Манай багт одоогоор 20 гаруй гадны малчин нутаглаж байна. Дорнод, Увс, Хөвсгөл, Улаанбаатар, Төв, Сэлэнгэ аймаг гээд газар газрын малчид бүгд сүүлийн 2-3 жил нутаглаж байгаа. Хэдийгээр сум орон нутгийн зүгээс шаардлага тавьдаг ч үнэхээр хүч хүрдэггүй. Бүгд л Монгол Улсын иргэн хаана ч амьдрах эрхтэй гэдэг үгээр бидний шаардлагыг эсэргүүцдэг. Зарим малчид нь манай багийн харъяа болсон тохиолдол ч бий. Гэхдээ тэр нь цөөхөн.

Түмэнцогт сумын хоёрдугаар багийн засаг дарга Л.Ганбат,

Манай багийн газар нутаг бол улсын нөөц газартаа ордог. Энэ хавьд 10 орчим гадны малчин бий. Манай багийн хувьд гадны малчныг бүртгэж авсан тохиолдол нэг ч байхгүй. Хүсэлт бол байнга ирдэг, гэхдээ бид авдаггүй. Хоёр аймгийн дунд яваад хаана ч харъяалалгүй болсон малчид ч бий. Тэдний хувьд малаа тарилга вакциндаа хэрхэн хамруулдагийг мэдэхгүй. Бидний зүгээс нүү гэдэг шаардлагыг л тавьдаг. Гэвч хүлээж авдаггүй гэлээ.

Багийн засаг дарга нарын хувьд ийнхүү нөхцөл байдлаа хэллээ. Ямартай ч сум, багийн удирдлагууд болоод өөрийн нутгийн малчид уг ажлыг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байлаа. Ажлын хэсгийнхэн 14 хоногийн дараа дахин явж хяналт шалгалт хийнэ.

Ажлын хэсэгт аймгийн Прокурорын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, ХАА-н газар, Цагдаагийн газар зэрэг холбогдох байгууллагын төлөөллүүд багтсан юм.

 

Холбоотой мэдээ