“Хүмүүнлэгийн тэргүүн”- ээр хөдөөгийн идэвхтэн шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-24 09:09:22

Архангай аймгаас бэлтгэсэн багц мэдээ

Үйлдвэрчний эвлэлийн хорооноос дардасны тэмцээн зохион байгууллаа

Гишүүдийнхээ чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор өнгөрсөн ням гарагт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын  үйлдвэрчний эвлэлийн хорооноос дардасны тэмцээн зохион байгууллаа.

Энэхүү тэмцээнд ерөнхий боловсролын нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр, “Эрдэм”,  спортын төрөлжсөн сургалттай сургуулийн 300 орчим багш ажилчид оролцлоо.

Оролцогч тус бүр гурван сумаар тоглож нийлбэр онооны дүнг гаргахад тэргүүн байрыг гуравдугаар сургуулийн хөгжмийн багш Б.Энхтөгс эзэлж өргөмжлөл мөнгөн шагнал гардан авлаа.

Сэтгүүлчдийн салбараас гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа

Архангай аймгийн номын сангийн мэдээллийн төвд анх удаа сэтгүүлчдийн “Сайн-Оюут”- салбараас санаачлан ахмад гэрэл зурагчин Б.Цээпилийн архиваас түүвэрлэн үзэсгэлэн гаргалаа.

Авьяаслаг сэтгүүлчийн гэрэл зургийн халиснаа буусан уран бүтээл нь аймгийн түүхийн гэрч болоод зогсохгүй сэтгүүлчийн хөдөлмөрийн үнэ цэнийг харуулж чадсанаараа онцлог байлаа.  

Уг үзэсгэлэнг үзэг нэгт нөхөд нь төдийгүй хүүхэд багчууд, өндөр настнууд үзэж сонирхлоо.

“Хүмүүнлэгийн тэргүүн”- ээр хөдөөгийн идэвхтэн шалгарлаа

Монголын улаан загалмайн нийгэмлэгийн “Хүмүүнлэгийн тэргүүний хувь хүн”-ээр Хашаат сумын Жаргалант багийн улаан загалмайн идэвхтэн Ц.Цэндийг шалгарлаа гэж аймгийн УЗХ-ны нарийн бичгийн дарга Ч.Балбурмаа утсаар мэдээллээ.

Ц.Цэнд нь 2010 оноос өнөөг хүртэл МУЗН-ийн болон аймгийн УЗХ-ны бодлого чиглэлийг ажил болгон хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлж яваа тэргүүний сайн дурын ажилтан аж. 

Эрүүл мэндийн салбарт ихээхэн ахиц гарлаа

Хүн юуны урьд эрүүл байх ёстой. Ийм ч учраас хэзээнээс Архангайнхан энэ салбартаа илүү анхаарсаар ирсэн. Ялангуяа 2009 оноос хойш Архангай аймагт хөдөө хотгүй эмнэлгийн салбарт ихээхэн амжилт гарлаа.

Энэ тухай ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ш.Нямдаваагаас сонирхоход, “Цэцэрлэг хотод 1,3 тэрбум төгрөгийн өртөгтэй оношлогооны төв байгуулагдлаа. Дараалалгүй үйлчлүүлэх кассын системтэй боллоо. Эрүүл мэндийн салбарт онош эрт илрүүлэлт маш чухал.  Энэ бол тулгамдаж буй асуудал. Тэгвэл Архангайнхан Улаанбаатар хот луу явж бөөн зардал чирэгдэл болж байснаас аймагтай үзүүлж бүрэн оношлогоонд орох боломжтой болсон”- гэж дүгнэж хэллээ.

Архангай аймаг Л.Булган

 

 

 

Холбоотой мэдээ