Оюуны өмчийн соёлыг нутагшуулахад мэргэжлийн байгууллагын хамтын ажиллагаа чухлыг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 26-нд тохиодог Дэлхийн Оюуны өмчийн эрхийн өдрийг угтан Шинжлэх ухаан технологийн сан БСШУСЯ-тай хамтран “Оюуны өмчийн соёлыг нутагшуулъя" нээлттэй илтгэл-хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэг эрдэмтэн судлаачдын оюуны өмчийг үнэлж, биет бус хөрөнгөөр бүртгэж, хөрөнгө оруулалтын
механизм бүхий орчинг бүрдүүлэх, оюуны өмчийг эргэлтэд оруулах, хөрөнгө босгох,
дэд бүтэц, соёлыг дэмжих ажлыг эрчимжүүлэх зорилготой.
Дэлхий нийтээр мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхийг эрхэмлэж байгаа өнөө цагт олон улс оронд аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал гараанаасаа хэдийн хөдөлсөн. Ийнхүү дэлхийн улс орнуудын мэдлэгийг тэлэх, инновацийг бүтээх замаар эдийн засгаа тэлэх бодлогын нэгэн адил манай улс ч энэ чиглэлд анхаарал хандуулж байна.
Хэлэлцүүлэгт БСШУСЯ-ны ШУТБГ-ын дарга С.Мөнхбат оюуны өмчийн хөгжлийн түвшинг товч тодорхойлов. Монголд хамгийн анхны патентыг 1963 оны нэгдүгээр сарын 13-нд олгож, 1992 оны Үндсэн хуулиар оюуны өмчийг “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийн өмч, Монгол Улсын үндэсний баялаг” гэж тодорхойлсон ч өнөөдөр монголчууд оюуны өмчөө баялаг болгож чадаагүй байна. Энэ нь Оюуны өмчийн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилт тааруу, олон нийтийн мэдлэг сул, үндэсний инновацийн тогтолцоо боловсронгуй биш, мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэс суурь бүрэн тавигдаагүйтэй холбоотой гэдгийг тэрбээр хэллээ. Тиймээс төрийн өмчийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их сургууль, хувийн хэвшлийн болон мэргэжлийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлов.
Мөн энэ үеэр шинжлэх ухаан, технологийн салбар дахь оюуны өмчийн эрхийн хамгаалалт, ашиглалтын талаарх тулгамдсан асуудлыг хөндөв. ШУТС-гийн захирал С.Намсрайжав, БСШУСЯ-ны төлөөлөл Оюуны өмчийн харилцаа, салбарын түншлэлийн бодлого, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ нар салбарын хэмжээнд баримталж буй оюуны өмчийн талаар байр сууриа илэрхийллээ. Түүнчлэн эрдэм шинжилгээний байгууллагын патент эзэмшигч, гарааны компанийн захирал, эрдэмтэн судлаач зэрэг 70 гаруй төлөөлөл сонирхсон асуултдаа хариулт авсан юм.