Төрийн аудитын байгууллагын гүйцэтгэх сэдвийг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-23 16:20:30
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Төрийн аудитын байгууллагын 2019, 2020 оны гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, шийдвэрлэв.


Хуралдааны эхэнд Байнгын хорооны 2018 оны 01 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Ажлын багийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан хийлээ.


УИХ-ын гишүүн О.Батнасан, Н.Амарзаяа, Г.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын баг Төрийн аудитын байгууллагын ажилтай танилцаж, дүгнэлт гаргажээ. Төсвийн байнгын хорооноос Төрийн аудитын байгууллагыг 2018 онд 38 аудит хийж, гүйцэтгэх сэдэв баталж өгсөн ч өмнөх оныхоос нэг аудит шилжүүлж, төлөвлөгөөнд тусгагдаагүй 5 сэдэв нэмж, нийт 44 аудит хийж гүйцэтгэсэн байна.


Гүйцэтгэсэн аудитуудаас 7 тайланг УИХ-ын холбогдох Байнгын хороонд ирүүлээгүй байна. Тиймээс дараах аудитын тайланг УИХ-д ирүүлэх нь зүйтэйг ажлын багийн ахлагч танилцуулгадаа дурдав. Тодруулбал, 

  • “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт”,
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж дуусаагүй барилга”,
  • "Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”,
  • “Орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт”,
  • “2018 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилт явц”,
  • “Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэс таван толгой ХК-ийн санхүүгийн болон үйл ажиллагааны үр дүн, хувьцаа хуваарилах, ногдол ашиг олгох”,
  • "Төрийн сангийн үйл ажиллагааны тогтолцоо, үр дүн” зэрэг аудитын тайланг тэмдэглэжээ.


Засгийн газар болон яамдын дотоод аудит, хяналт шалгалтаар гүйцэтгэх, боломжтой есөн  аудитын сэдвийг хасаж, найман аудитын сэдвийг нэмэж тусгасан талаар О.Батнасан гишүүн танилцуулгадаа онцлов.


Түүнчлэн Төрийн аудитын тухай, Төсвийн тухай, Шилэн дансны тухай, Сонгуулийн тухай хууль болон УИХ-ын бусад шийдвэрийн хүрээнд Төрийн аудитын байгууллагын хэмжээнд 2020 онд нийт 31 аудит хийж гүйцэтгэхээр Үндэсний аудитын газраас санал ирүүлсэн байна. 


Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх адитор, С.Бүрэнбат, С.Оюунбилэг болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо. 


Ажлын багийн санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй. Иймд Төрийн аудитын байгууллагын 2019 онд гүйцэтгэх аудитын сэдвийг батлах Байнгын хорооны тогтоолын төслийг  хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэн. 


Дараа нь Төрийн аудитын байгууллагын 2020 онд гүйцэтгэх аудитын сэдвийг батлах Байнгын хорооны тогтоолын төслийг  хэлэлцэхэд асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжив хэмээн УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Холбоотой мэдээ