“Ялалтын төлөө гал” залуучуудын экспедицийн зохион байгуулагчдыг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Л.Энх-Амгалан ОХУ-ын “Ялалтын төлөө гал” залуучуудын экспедицийн зохион байгуулах хорооны гишүүн Н.С.Петров тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан төлөөлөгчидтэй энэ онд тохиох Халх голын ялалтын 80 жилийн ойг ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын талаар ярилцав. Тэрбээр, “Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байгаа. Халх голын ялалтын түүхэн 80 жилийн ойн хүрээнд хоёр тал хүчин чармайлт гарган ажиллаж байгаад баяртай байна. Энэ хүрээнд хамтарсан үзэсгэлэн, уран сайхны болон баримтат кино, ном зохиол гаргах ажлууд эхэлсэн. Мөн “Роснефть” компаниас Халх гол сумын төвийг шинэчлэхэд хөрөнгө оруулж, “Шинэ сум” төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү ойг тэмдэглэх нь Монгол, Оросын дайчдын гавъяа, дурсгалыг үүрд мөнхжүүлж, хойч үедээ өвлүүлэх ач холбогдолтой юм" гэлээ.
ОХУ-ын “Ялалтын төлөө гал” залуучуудын экспедицийн зохион байгуулах хорооны гишүүн Н.С.Петров ойн хүрээнд Монгол-Оросын оюутан, залуучуудын хамтарсан тав дахь удаагийн тойрон аялалыг Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Улаанбаатар, Хэнтий, Дорнод, Халх гол гэсэн маршрутаар зохион байгуулах, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ахмад дайчид, оюутан залуус хамтран ногоон төгөл байгуулах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг ажил өрнүүлэхээр төлөвлөснөө танилцуулав.
Уулзалтад “Ялалтын төлөө гал” залуучуудын экспедицийн зохион байгуулах хорооны гишүүн, экспедицийн ахлагч, “Ветеран” сангийн ТУЗ-ын дарга О.И.Торский, ОХУ-ын Эрхүү мужийн Төлөөлөгчийн газрын дарга А.С.Просекин, ОХУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга М.В.Джеваков нар байлцав.