Засгийн газрын мөрийн хөтөлбөр 50.5 хувийн биелэлттэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцсэн байна.
Засгийн газраас 2016-2018 оны мөрийн хөтөлбөрийн биелэлтээ өнгөрсөн сарын 28-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм. МАН-ын бүлгээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжилтэд дүгнэлт хийх, 2019-2020 онд анхаарах ажлуудын талаар чиглэл боловсруулах ажлын баг гаргахаар шийдвэрлэжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, “Засгийн
газраас мөрийн хөтөлбөрөө 50.5 хувийн биелэлттэй байна гэж дүгнэсэн байна.
Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээ тодорхойлохдоо ажил нь эхэлсэн ч бүрэн дуусаагүй
л бол хэрэгжилтийг 0 хувиар дүгнэсэн байгаа юм. Энэ бол харьцангуй биелэлтээ
бодитоо дүгнэсний илрэл. Цаашдаа нийслэлийн агаарын бохирдол, автозамын
түгжрэлийг бууруулах, томоохон төслүүдийг эхлүүлэх, Үндсэн хуулийн нэмэлт,
өөрчлөлтийн төсөл зэрэг олон асуудалд анхаарах шаардлагатай байна” гэлээ.
Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Үйлдвэрлэлийн ослоор хүний амь
эрсэдсэн тохиолдол олон гарлаа. Үүнд буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох
асуудал яагаад яригдахгүй байна вэ?
-Сүүлийн үед гарсан хэргүүдийн талаар холбогдох хууль, хяналтын
байгууллагуудын дүгнэлт гараагүй байгаа тул хараахан хариуцлагын асуудал
яриагүй байна. Хүн амь эрсэдсэн хэрэг бүрт заавал хариуцлага тооцох ёстой.
-Засгийн газрын мөрийн
хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд хэдэн төгрөгийн санхүүжилт шаардлагатай вэ?
-Мөрийн хөтөлбөрийг 100 хувь хэрэгжүүлэхэд 21 их наяд төгрөг хэрэгтэй. УИХ
болон Засгийн газраас өрийн хэмжээг бууруулах зорилт тавьж байгаа. Тиймээс
концессын гэрээ байгуулахгүй, гадаадаас зээл авахгүй ажиллахад 70-80 хувь хэрэгжих
боломжтой.