С.Амарсайхан: 50 га талбай олгох шийдвэр гаргасан тухай мэдээлэл гүтгэлэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-22 13:23:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хятадын компанид 50 га газар олгох шийдвэр гаргасан тухай мэдээлэл хуурамч, гүтгэлэг хэмээн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан мэдээлэв.


Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “Сүүлийн үед намайг “Хятадын компанид 50 га газар олгох гэж байна” гэсэн гүтгэлэг явах боллоо. Засгийн газрын хэмжээнд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран ажиллах хэлэлцээр хийж, тодорхой ажил хэрэгжүүлэхээр болсон юм билээ. Энэ дагуу Ерөнхий сайдын захирамж гарч судалгааны ажлын баг байгуулсан юм байна. Дараа нь ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгалангаас Тяньжин хотын захиргаатай хамтран хүлэмж, ногоо тариалах асуудлыг судлах ажил хийх шаардлагатай байгаа тухай албан бичиг өнгөрсөн сарын 27-нд надад ирсэн. Тухайн өдөр миний бие ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд холбогдох тооцоо судалгааг хийх ААН, нийслэлийн өмчит 100 компанийн нэрийг албан бичгээр хүргүүлсэн. Ямар нэгэн газар олгоогүй, газар олгох шийдвэр гараагүй. Харин дотоодын хүнсний ногоо тариаланчидаа ямар байдлаар дэмжиж, дөрвөн улирлын хүлэмж байгуулах, хүнсний аюулгүй байдлаа хангах асуудлыг судлах зорилгоор дээрх нэрсийг хүргүүлсэн. Гэвч НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун үүнийг улс төрийн зорилгоор мушгин гуйвуулж, намайг хятадуудад 50 га газар олгож байна гэсэн мэдээлэл түгээсэн. Ийм мэдээ түгээж байгаа нь түүний ашиг сонирхолтой холбоотой. Тэрээр өөрийн хадам ээжийн нэр дээрх ААН-д нийслэлийн өмчит байрыг хувьчилж өгөх асуудлыг НИТХ-д санал оруулж байсан. Энэ асуудлыг би хууль бус шийдвэр гээд  НИТХ-аас буцааж байсан. Үүнээс болж намайг гүтгэх, доромжлох, хууль бус ажиллагаагаа эрчимтэй явуулж байна. 


Үүнээс гадна гадуур маш олон ташаа мэдээлэл бий. Тухайлбал, төв цэвэрлэх байгууламжид гарсан ослоос дөрвөн залуугийн амь нас хохирсон. Энэхүү осол болсон газарт 2016-2017 онд 8.1 тэрбум төгрөгөөр засвар, шинэчлэлийн ажил хийсэн байдаг. Гэтэл энэхүү засвар нь чанаргүй хийгдсэн. Энэ асуудлыг нуун дарагдуулахаар зарим хүмүүс асар их анхаарал тавьж байна. 


Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн 1000 мкв байрыг 4 тэрбум 800 сая төгрөгөөр худалдаж авсан. НИТХ-ын даргаар ажиллаж байхдаа 1000 мкв байрыг ийм үнэтэй авснаас 3000 мкв автомашины зогсоолтой байр барих үндэслэлээр миний бие гурван удаа тэргүүлэгчдийн хурлаас буцааж байсан. Гэтэл нээлттэй сонгон шалгаруулалт явуулж байгаа нэрээр нэг компани оруулаад, энэ тендерт оролцуулаад төлбөрийн 70 хувийг өгчихсөн. Үлдсэн хувиа төлөх асуудал орж ирсэн ч би хотын даргын хувиар буцааж байгаа. Үүний цаана өчнөөн хүмүүсийн хууль бус үйлдэл байгаа.

 

Миний бие нийслэлийн иргэний танхимд цахим хэлбэрээр дамжуулан иргэн болон хэвлэл мэдээллийн байгууллагын хяналттай, нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан бүх тендерийг шилэн болгох шийдвэр гаргасан. Гэтэл өнөөдрийг хүртэл хэрэгжсэнгүй. Энэ ажилд хэсэг хүмүүс саад болж байна.

 

Нийтийн тээврийн шинэчлэлийн 270 сая ам.долларын төсөл хөтөлбөр зогсож, гурван саяыг нь ашиггүй зарцуулжээ. 45 мянган төгрөгийн үнэтэй тэмдгийг 170 мянган төгрөгөөр шахаж, хэдэн тэрбум төгрөгийн зардал гаргасан компани зургаан тэрбумын өр үүсгээд хариуцсан дарга нартайгаа алга боллоо. 


Баянзүрх дүүрэгт үүсэн нөхцөл байдалд тус дүүргийн удирдлагууд нь эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна. Тэр хүмүүс өөрсдийн булхайг нуухын тулд суулт зохион байгуулж байна. Газар чөлөөлөх нэрээр 3.8 тэрбум төгрөгөөр газар худалдаж авсан. Тухайн газрыг нь очоод үзвэл, үерийн далан дээр, ямар ч шаардлага хангаагүй байдаг. 200 сая төгрөгийн үнэтэй газрыг 500 саяар авсан байгаа юм.


Дээрх хууль бус үйлдлийг шалгаж ажиллаж байна. Эдгээр асуудлыг ил гаргахгүйн тулд гүтгэх, доромжлох арга хэмжээ авч байна. 


Хотын даргын ажлыг хоёрдугаар сард хүлээн авснаас хойш иргэд, олон нийтийн санал хүсэлттэй холбоотой зарим зүйлийг судалж, цаашид хэрэгжүүлэх ажлаа төлөвлөсөн. Аль болох богино хугацаанд иргэд, олон нийт, ААН, төрийн захиргааны байгууллагуудтай хамтраад хотын ажил амьдралд тулгамдсан асуудлыг хамтарч шийдвэрлэх төсөл хөтөлбөр гаргаад ажиллаж байна. 


Нийслэлд өнөөдөр агаар хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Анхнаасаа газар зохион байгуулалтаа зөв төлөвлөөгүй явж ирсэн. Тиймээс цаашид ажлыг үр дүнтэй болгох үүднээс дотоод зохион байгуулалтад анхаарч, нийслэлийн төр, захиргааны байгууллагын уялдаа холбоо, хариуцлагын асуудлаас ажлаа эхэлсэн. Олон ажил хийх шаардлага байгаа ч дотоод уялдаа холбоо байхгүйгээс ажил орхигдож байна.


Нийслэлийн төр, захиргааны байгууллагын уялдаа холбоог сайжруулах, иргэдэд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрөө ил тод мэдээлж байх үүднээс долоо хоног бүр  хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Мөн хотын даргын явуулын байр байгуулж, иргэдээс мэдээлэл авах утас ч ажиллуулах болно” гэв.

Холбоотой мэдээ