Хүүхдийн зохиолч, уран бүтээлч, ном бүтээгчид бүтээлээ танилцуулна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-04-19 17:03:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хүүхдийн зохиолч, уран бүтээлчид, ном бүтээгчдийн өдөрлөг Оросын Шинжлэх ухаан, Соёлын төв /РЦНК/-д энэ сарын 22, 23-нд болох талаар зохион байгуулагчид МОНЦАМЭ агентлагийн төвд өнөөдөр мэдээлэл хийв.


Өдөрлөгийг БСШУСЯ, ЗГХА Соёл, урлагийн газар, Хүүхдийн төв номын сан, МЗЭ-ийн Хүүхдийн зохиолын үндэсний төв, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр хүүхдийн зохиолч, уран бүтээлч, ном бүтээгчдийн илтгэл, зөвлөгөөн, номын үзэсгэлэн, уулзалт, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд хүүхдийн ном сонгоход туслах зөвлөмжийг танилцуулах юм. 

Өдөрлөгийг зохион байгуулснаар хүүхдийн зохиолчид, хэвлэлийнхний хамтын ажиллагаа сайжирч, харилцан бие биеэ дэмжих, ивээн тэтгэх байгууллагууд бий болох, зохиолчид бүтээж буй номынхоо агуулга үр нөлөөнд анхаарч орчин үеийн ном бүтээх арга зүйд суралцах, үндэсний контент бий болох суурь тавигдана гэж зохион байгуулагчид үзэж байна.


БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн: Дэлхийн хүүхдийн номын зохиолчийн эрхийн өдрийг манай улс сүүлийн жилүүдэд өргөн хүрээнд тэмдэглэдэг боллоо. Энэ хүрээнд улс орон даяар 200 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ жилийн номын баяр хүүхдэд чиглэснээрээ онцлогтой. Эл өдрийг тохиолдуулан БНСУ-ын соёлын яамны дэргэдэх соёлын солилцооны хөтөлбөрийн албан төлөөлөгчид  Монголын хүүхдийн номын сантай хамтран олон улсын стандартад нийцсэн “Баярлалаа бяцхан номын сан” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын судалгааг хийхээр манай улсад ирж байгааг хэлэхэд таатай байна.


“Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд: Хүүхэд номонд дуртай болдог үе бол 6 хүртэлх насанд байдаг бөгөөд хувь хүний төлөвшлийг бий болгох эхлэлийг тавьдаг үе гэж үздэг. Харамсалтай нь энэ насанд зориулсан үйл ажиллагаа манай улсад дутагдалтай байдаг. Тиймээс энэ дутагдлыг арилгах зорилгоор “Хүүхэд монголын ирээдүй” уриан дор ном хүүхдийн зохиолч, уран бүтээлч, ном бүтээгчдийн хамтын ажиллагааг сайжруулах, түншлэлийн хүрээг өргөжүүлэх, орчин үеийн ном бүтээх арга зүйгээр хангах, хүүхдийн номын хэвлэлийн стандартыг дагаж мөрдүүлэх, зохиолчдод урам зориг, шинэ санаа өгөхөөр энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна.


МУБИС-ийн багш, хүүхдийн зохиолч О.Сундуй: Хүүхдийн ном, хэвлэл нь Монголын хамгийн чухал үнэт зүйлсийн нэг. Хүүхдийн ном бүтээл гэдэг бол төрөлх өв соёл, түүгээр дамжин бяцхан үрсийн оюун санаанд үр суулгаж байдаг. Энэ удаагийн номын баяраар энэ талаар ярьж, хөндөж байгаа нь талархууштай. Өдөрлөгийн үеэр хүүхдийн ном бүтээлийг туурвигч болон бусад холбогдох салбарынхан зөвлөлдөх юм.


Өдөрлөгт хүүхдийн зохиолчид, хүүхдийн ном хэвлэлийн газрууд, редактор, хүүхдийн номын зураач, хэл, уран зохиолын багш, боловсролын мэргэжилтнүүд болон хүүхдийн зохиолчтой хамтран ажиллах боломж бүхий телевиз, радио, театр, кино продакшн, студи, уран бүтээлийн нэгдэл, хэвлэлийн газар, бизнесийн байгууллага, хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс оролцоно.

Холбоотой мэдээ