Налайхын автобусны чиглэлд өөрчлөлт оров

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-19 15:45:36
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Налайх-Гачууртын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн тавихтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд өнөөдөр дараах өөрчлөлт оржээ.


Налайхаас Улаанбаатарын чиглэлд нийтийн тээврийн хоёр чиглэлээс иргэд сонгон үйлчлүүлэх юм байна. Тодруулбал, Налайхын авто зам дагуу гаргасан түр замаар “Налайх-Офицеруудын ордон” чиглэлд бага оврын 12 автобус 06:20 цагаас 22:30 цаг хүртэл 13-14 минут тутамд үйлчлэх аж. Мөн Налайхаас Төв аймгаар дайрах хатуу хучилттай замаар “Налайх-Төв аймаг-120 мянгат” чиглэлд том оврын 10 автобус 06:20 цагаас 22:00 цаг хүртэл 26 минут тутамд явна.


Налайх дүүргийн 5 дугаар хороо буюу Городок, тус дүүргийн 6 дугаар хороо буюу Тэрэлжийн иргэд Налайхын “10 шар байр” хүртэл богино эргэлтээр зорчиж, Налайх - Улаанбаатар хүртэл дээрх хоёр чиглэлийн автобусанд дамжин суух юм байна. Харин Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо буюу Хонхорын иргэд, “Хонхор-Офицеруудын ордон” чиглэлд бага оврын автобусаар зорчино. 


Нийтийн Тээврийн Үйлчилгээний газар иргэдийн санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.


Засгийн газраас шинэ замыг энэ сарын 15-нд эхлүүлж, 11 дүгээр сар хүртэл тавьж, ашиглалтад оруулахыг ЗТХ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлын багт үүрэг болгосон. Замыг ашиглалтад оруулах хугацаа богино учир 20.9 км замыг дөрөв хувааж нэг зэрэг тавьж эхлэхээр төлөвлөөд байгаа аж.

Налайхын шинэ зам олон улсын стандартад нийцсэн, дөрвөн эгнээ бүхий өндөр зэрэглэлийн бүрэн гэрэлтүүлэгтэй, явган хүний болон дугуйн замтай байх юм.



Холбоотой мэдээ