Монгол оюутнуут ахуй соёлоо сурталчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-19 16:04:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Москва хотод Үндэсний судалгааны Барилгын улсын их сургуульд суралцаж буй монгол оюутнууд 4 дүгээр сарын 16-ны өдөр болсон “Олон үндэстний өдөрлөг”-өөр монгол эх орон, ахуй соёлоо амжилттай сурталчилжээ. 

Монгол оюутнуудын ажиллуулсан үзэсгэлэнгийн талбарт Монголын соёл, монгол түмний ахуйг илтгэсэн зурагт хуудас, үзмэр, эд зүйлсийг дэлгэн байрлуулж, эх орныхоо хөгжил дэвшлийн тухай дэлгэцийн сурталчилгааг үзүүлж, үндэсний хоолны амталгаа хийж, зочдын нэрийг тусгайлан бэлдсэн цаасан дээр монгол бичгээр татлан бичиж дурсгасан нь олны сонирхлыг ихэд татжээ. Түүнчлэн “Монголын талбар”-т хүрэлцэн ирсэн зочдод тус сургуулийн монгол оюутан, магистрантууд, тухайлбал Б.Рэнчинханд, А.Тэмүүлэн, А.Эр-Очир, Г.Намуундөл, О.Сүрэнжав, Э.Алтаншагай нар Монголын түүх, дэлгэн тавьсан эд зүйлсийг тайлбарлан таниуллаа. Урлагийн тоглолтын  үеэр Үндэсний судалгааны Москвагийн Барилгын улсын их сургуулийн ректор А.А.Волков зочдод хандан хэлсэн үгэндээ тус сургуульд “Дэлхийн 84 улсын иргэд суралцаж” байгааг мэдээлээд, “оюутан бүр үндэснийхээ соёлыг тээгч, өнөөдрийн үзэсгэлэнд идэвхтэй оролцож байгаа залуучууд бол эх орончид” гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.


Холбоотой мэдээ