Баримтат кино бүтээх баг Вьетнамд очжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, өнөөгийн хамтын ажиллагааны тухай баримтат кино бүтээх гэж байна. Кино бүтээх МҮОНРТ болон ГХЯ-ны төлөөлөгчдөөс бүрдсэн баг 4 дүгээр сарын 11-17-нд Вьетнам Улсад ажиллажээ.
Төлөөлөгчид Вьетнамын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь, Элчин сайд Д.Билэгдорж, МВНН-ийн дэд тэргүүн Хоанг Туан Тхинь, мөн Ханой их сургуулийн Монгол оюутнуудаас ярилцлага авч, Үндэсний архивын газар, Баримтат болон ШУ-ны киноны студи, Д.Сүхбаатарын нэрэмжит Вьетнамын Ба Вигийн сүүний ферм, “Винфаст” автомашины үйлдвэртэй танилцаж, киноны зургийг авсан байна.
Монголын талын баг “Вьетнамын дуу хоолой” радио телевизийн нэгдэл /VOV/-ийн дэд ерөнхийлөгч Нго Минь Хиентэй уулзсан байна. Тэд баримтат киног энэ оны 11 дүгээр сард Монгол болон Вьетнамын телевизээр зэрэг гаргах, Вьетнамын талын баримтат киноны баг ирэх 9 дүгээр сард Монголд ажиллаж, киноныхоо зургийг авахаар тохиролцжээ.