Хүүхдийн зохиолын талаар зөвлөлгөөн хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-19 12:18:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллагаас зарласан “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан ЗГХЭГ, БСШУСЯ, Хүүхдийн төв номын ордон, Хүүхдийн уран бүтээлчдийн “Эвт үзэг” төвөөс хамтран Монголын хүүхдийн зохиолч, уран бүтээлчдийн өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөг энэ сарын 22-нд Улаанбаатар дахь Оросын Шинжлэх ухаан, Соёлын төвд болно. Энэ талаар дээрх байгууллагын төлөөлөл өнөөдөр  мэдээлэл хийв.

Өдөрлөгийн үеэр, хүүхдийн байгууллагынхан зөвлөгөөн хийж, зохиолчид бүтээж буй номынхоо агуулга, үр нөлөөнд анхаарч орчин үеийн зохиол бичих арга зүйд суралцах, уран бүтээл нь илүү чанартай болох, үндэсний контент бий болох үндсийг ярилцах юм. 

МУБИС-ийн багш, хүүхдийн зохиолч О.Сундуй "Хүүхэд бол өөрөө их ариун тунгалаг цэвэр ертөнц юм. Тэднийг хордуулж бохирдуулж болохгүй. Одоо бол хэн дуртай нь үзэг барьж, ном бичиж хэвлүүлж байна. Зарим нь хүүхдийн зохиолоос хэтэрсэн зүйл бичиж хэвлэн нийтлүүлчихээд өөрийгөө хүүхдийн зохиолч гэж нэрлэдэг үзэгдэл байна. Энэ асуудлаар хүүхдэд зориулсан зохиолыг төрөөс хянадаг болох тухай саналыг өмнө нь би холбогдох байгууллагад нь хүргүүлж байсан ч одоогоор шийдвэр гараагүй байна. Хүүхдийн зохиолын агуулга, уран сайхан талаас нь анхаарах хэрэгтэй. Гэхдээ энэ бол зөвхөн хүүхдийн зохиолчид анхаарах ёстой гэсэн үг биш. Эцэг эхчүүд лангуун дээр өрсөн олон номоос зөв сонголт хийдэг байх нь чухал. Үүний тулд уншигч байх хэрэгтэй. Хүүхдэдээ хортой чихэр авч өгдөггүйн адилаар хор болох муу номыг авч өгөхгүй байх нь л чухал. Үүнийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас ч бас анхаарах ёстой” гэсэн асуудлыг хөндөв. Өдөрлөгийн үеэр болох зөвлөлгөөнд  идэвхтэй оролцохыг эцэг эх, сургууль, хүүхдийн байгууллагуудад уриаллаа.

Холбоотой мэдээ