Өмгөөллийн тухай хуулийн төслийг дэмжлээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-04-18 18:51:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.


УИХ 2012 оны гуравдугаар сарын 7-нд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан байна. Уг хуульд өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан тул 2002 оноос хэрэгжиж байсан Өмгөөллийн тухай хуулийг хүчингүй болгосон юм. Үүнээс үүдэн өмгөөлөгчийн бие даасан, хараат бус байдал алдагдаж, мэргэжлийн ёс зүй, хариуцлага суларсан тул 7 бүлэг, 54 зүйлтэй шинэ хуулийг дахин боловсруулснаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хууль санаачлагчийн илтгэлдээ дурдлаа. Хуулийн төслийг баталснаар өмгөөлөгчдийн бие даасан, хараат бус байдлыг сэргээж, иргэний хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг бүрэн хангах боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж. Мөн Монголын Өмгөөлөгчдийн холбоог дахин зохион байгуулж, шүүхэд хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрх, үүрэг баталгаажна хэмээн хууль санаачлагч онцлов. Өмгөөллийн тухай хууль хэрэгжиж байхад улсын хэмжээнд 2500 орчим өмгөөлөгч ажиллаж байсан бөгөөд хуулийг хүчингүй болгосон 2012 оноос хойш 5000 болж өсжээ.


Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Лүндээжанцан нар хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой хуулиудад өөрчлөлт оруулан, шинэ хуулийн төсөлтэй уялдуулж, өмгөөлөгчдийн эрх, үүргийг тодорхой тусгах шаардлагатай хэмээв. Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.


Мөн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлснээр өнөөдрийн чуулган өндөрлөв.

Холбоотой мэдээ