АНУ-ын номлогч залуу гурван халдлагаас амьд гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-03-23 15:05:57

ВАШИНГТОН. /Dailymail/. АНУ-ын Бостон хотод болсон дэлбэрэлт, Парис хотод болсон халдлагаас амьд гарсан мормон шашны номлогч, АНУ-ын иргэн Мейсон Уэллс Брюсселийн нисэх буудалд болсон террорист халдлагын үеэр шархадсан байна.

Өчигдөр Брюсселийн нисэх буудалд хоёр хамсаатан бөмбөг дэлбэлж, наад зах нь, 34 хүний амийг хөнөөж, 200 орчим хүнийг шархдуулсан билээ. Энэ үер Мейсон Уэллс мормон шашны гурван номлогчийн хамт хэргийн газарт байсан ажээ.

Уг халдлагын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл хүлээсэн байна.

Мейсон Уэллс бөмбөгний хэлтэрхийнүүдэд өртсөний улмаас борвины шөрмөсөндөө гэмтэл авч, нүүр, гартаа хоёр болон гуравдугаар зэргийн түлэгдэл авчээ.

“Мейсон гурав дахь удаагаа халдлагад өртөж байна. Бид маш аюултай ертөнцөд амьдарч байгаа бөгөөд хүн бүр элэгсэг, найрсаг биш” гэж түүний аав Чал Уэллс “ABC” телевизэд ярилцлага өгсөн байна.

Мөн тэрбээр, Бостон хотын марафон гүйлтийн тэмцээний барианы газраас холгүй би Мейсонгийн хамт түүний ээжийг хүлээж байхад дэлбэрэлт болсон тухай дурджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ