Гамшгаас хамгаалах дадлага сургуульд 4200 гаруй ажилтан, алба хаагч оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг нийслэлд энэ сарын 24-26-нд зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Төрийн байгууллагын албан хаагчид болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилчид Д.Сүхбаатарын талбайд Мэргэжлийн ангийн дадлага хийлээ.
Энэ удаагийн сургалтад 36 байгууллагын 4200 алба хаагч,
ажилтан оролцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулах тухай” захирамж гарч, бэлтгэл ажлыг хангах 14 ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг нийслэлд сүүлийн 30-аад жилийн хугацаанд анх удаа зохион байгуулах гэж буйгаараа онцлогтой. Харин өнгөрсөн хугацаанд дүүргүүдэд гурван жилд нэг удаа иж бүрэн сургууль хийж ирсэн. Тодруулбал, 2018 онд Баянзүрх, Багануур, Сонгинохайрхан дүүрэгт энэхүү сургуулийг зохион байгуулж, Багануур дүүргийн орон сууцны иргэдийг, Хонхор тосгоныг бүхэлд нь, Москва хорооллын орон сууцны иргэдийг аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлж, газар хөдлөлтийн гамшгийн улмаас нурсан барилга байгууламжид эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулжээ.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль энэ сарын 24-ний өглөө
“Яаралтай цуглар” дохиогоор нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах
алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын
хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын
удирдлагууд Сүхбаатарын талбайд цуглаж, гамшгаас хамгаалах бэлэн байдлаа шалгуулан
нэгдсэн жагсаал зохион байгуулснаар эхлэх юм.