Ж.Батбаясгалан:Түүхий лаг шахуургын станцыг 48 цагийн дотор хэвийн горимд шилжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-04-17 13:18:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв цэвэрлэх байгууламжид осол гарч, дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан. Ослын тухай өнөөдөр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг мэдээлэл хийлээ.


Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хэлэхдээ, “Нийслэлийн Засаг даргын  захирамжаар Төв цэвэрлэх байгууламжид гарсан осолтой холбогдуулан шуурхай ажлын хэсэг байгуулсан. Мэргэжлийн бүх байгууллагыг оролцуулсан ажлын хэсэг үйлдвэрлэлийн осолд дүн шинжилгээ хийж, осолд амиа алдсан ажилтнуудын ар гэрт дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Ус сувгийн удирдах газрын харьяа Төв цэвэрлэх байгууламжийн түүхий лаг шахах шахуургын станцыг 48 цагийн дотор хэвийн горимд оруулахаар ажиллаж байна. Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг соруулж зайлуулж байна. Одоогийн байдлаар, 50-60 сантиметрийн хэмжээтэй зузаан лаг хуримтлагдсан. Тунгаагуур, бассейнд хүн эрсэдсэн гэх ташаа мэдээлэл цацагдсаныг өчигдөр залруулж мэдээлсэн.

Мөн ажлын хэсэг болон Ус сувгийн удирдах газар, Төв цэвэрлэх байгууламжийн удирдлагууд амиа алдсан ажилтнуудын ар гэрийнхэнтэй уулзаж байна.

Өнөө өглөө Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан үүссэн нөхцөл байдлыг танилцуулсан. Ерөнхий сайд ажлаа хийж байгаад эрсэдсэн ажилтнуудын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлснийг та бүхнээр дамжуулан албан ёсоор уламжилж байна.

Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад бид хөндлөнгөөс саад учруулах эрхгүй. Иймд цагдаа, прокурорын байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу мэдээлэл өгч байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн Засаг даргын гаргасан шийдвэрийн дагуу тухайн газрыг онцгой горимд шилжүүлсэн. Хууль тогтоомжид заасан байнгын ажиллагаатай комисс, зөвлөлүүд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болоод бусад асуудалд ажлын хэсэг дүгнэлт өгнө. Үүний дараа Мэргэжлийн хяналтын газар дүгнэлт гаргана. Дахин осол гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэж байна” гэв.


Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.


-Одоогоор хэдэн хүн эмчлүүлж байна вэ?


-Амь үрэгдсэн дөрвөн хүнээс гадна, хэд хэдэн хүний эрүүл мэндийн асуудал хөндөгдсөн. Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан, гэрээгээр ажиллаж байсан хувийн компанийн нэг ажилтан тухайн үед хурц хордож, Цэргийн төв эмнэлгийн Хордлогын тасагт хүргэгдсэн. Өнгөрсөн шөнө тухайн орчинд ажиллаж байсан хүмүүс мөн эмнэлэгт очсон. Нийт найман хүн хордлого тайлах болон сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж байна.  


-Тэдний биеийн байдал ямар байна вэ?


-Одоогийн байдлаар хэвийн, тогтвортой байна. Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу, химийн бодист хордсон хүмүүсээс хэсэг хугацааны дараа дахин шинжилгээ авах шаардлагатай байгаа.


-Ажлаа хийж байгаад амиа алдсан ажилтнуудын ар гэрт нийслэл болон Засгийн газар ямар тусламж үзүүлэх вэ?


-Үйлдвэрлэлийн осол учраас хууль тогтоомжид заасан бүх тусламж дэмжлэгийг үзүүлнэ. Өчигдөр Хотын дарга бүх талаар туслахаа албан ёсоор илэрхийлсэн.


-Төв цэвэрлэх байгууламжид хөдөлмөрийн аюулгүй байдал хангалтгүй гэсэн мэдээлэл байна?

 

-Хэрэг бүртгэлийн ажил учир мэдээлэл өгөх боломжгүй. Ослыг шалгаж байна. Шаардагатай тохиолдолд цаг тухайд нь мэдээлэл өгөх болно.


Дашрамд дурдахад, Төв цэвэрлэх байгууламж бол Улаанбаатар хотын үйлдвэр болон ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг цэвэрлэдэг 24 цаг тасралтгүй ажиллагаатай инженерийн байгууламж юм. Ослын үед 10 гаруй байгууллагын 100 орчим албан хаагч ажиллажээ.


Холбоотой мэдээ