Ж.Ассанжийг эрх чөлөөний төлөө тэмцэгч гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-16 10:53:15

МОСКВА. /РИА Новости/. Оросуудын дийлэнх нь “WikiLeaks” цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг эрх чөлөөний төлөө тэмцэгч, альтруист гэж үзэж байгааг Бүх Оросын олон нийтийн санал бодлыг судлах төвийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Нууц материалуудыг нийтэлснээрээ Ж.Ассанж үг хэлэх эрх чөлөө, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эрх чөлөөний зарчмуудыг хөхиүлэн дэмжиж байна гэж Оросуудын 45 хувь нь үзэж байна. Түүнчлэн санал асуулгад оролцогчдын 40 хувь нь Ж.Ассанжийн үйлдлийг олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн гэж үзжээ. Үүнээс гадна тэрбээр  энэхүү үйл ажиллагаагаараа дамжуулан олон улсын хамтын нийгэмлэгийн нүдийг нээхийг хүссэн гэж оролцогчдын 57 хувь нь үзсэн байна.  


Харин санал асуулгад оролцогчдын 27 хувь нь Ж.Ассанжийг нууц материалуудыг нийтэлснээрээ хууль дүрмийг зөрчсөн гэж үзжээ. Мөн зөвхөн ашиг сонирхлынхоо төлөө тэрбээр ийм үйлдэл хийсэн гэж санал асуулгад оролцогчдын 17 хувь нь үзэж байхад зарим улс төрчдийн ашиг сонирхлын үүднээс нууц мэдээллийг нийтэлсэн гэж 16 хувь нь үзэж байгаа аж.


Энэ сарын 13-нд явуулсан санал асуулгад 18-с дээш насны 1600 хүн оролцсон байна.

Холбоотой мэдээ