“Хаадын тоглоом” цуврал киноны хамгийн баян гэр бүлүүдийн жагсаалтыг гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2019-04-15 16:18:56

НЬЮ-ЙОРК. /TASS/. "Game of Thrones"  буюу “Хаадын тоглоом” цуврал киноны хамгийн баян гэр бүлүүдийн жагсаалтыг “Bloomberg” агентлаг гаргажээ. Уг жагсаалтыг Таргариены овог тэргүүлсэн байна. 


Дейенерис Таргариены удмынхан хамгийн үнэтэй хөрөнгө болох луунуудыг эзэмшдэг гэдгийг тус агентлаг онцлоод, хэдий хэмжээний мөнгөн дүнгээр үнэлэгдэхийг тогтоож чадаагүй боловч луунуудыг “зүйрлэшгүй их хүчний эх үүсвэр” гэж “Bloomberg”-ийн шинжээчид үзэж байгаа аж. Уг цувралын сүүлийн бүлэгт Кастерли-Рок цайз болон Ажилчид худалдаалах буланд Дейенерис хяналтаа тогтоож чадсаныг шинжээчид онцолсон байна. Түүний хөрөнгөд мөн “бодит үнэ цэн бүхий” луугийн шил олборлож болдог Луугийн арал орж байгаа аж.


Харин Ланнистерын удмынхан дээрх жагсаалтад хоёрдугаарт оржээ. Тэд худалдааны замыг хянадаг гэдгийг шинжээчид онцолж байна. Үүнээс гадна, Ланнистерын гэр бүлд “дэлхийн санхүүгийн системд” нэвтрэх боломж бий. Жишээлбэл, тэд Браавосын Төмөр банкнаас зээл авах боломжтой юм.


Жагсаалтын гуравдугаарт, Аррен хөндийг хянадаг Аррены удмынхан бичигджээ. Тэдний эзэмшилд халдашгүйд тооцогддог "Бүргэдийн үүр" цайз байдаг. Дөрөвдүгээрт, Старкийн гэр бүл орж байна. “Bloomberg” агентлагийн бичиж буйгаар бол Старк хойд хэсгийн өргөн уудам газрыг эзэмшдэг. Энд гуалин, төмөр, мөнгө зэрэг үнэт нөөцийг их хэмжээгээр олборлох боломжтой. Гэхдээ шинжээчид энэ бүс нутгийг Сибирьтэй зүйрлээд хөгжүүлэхэд хэцүү гэж үзэж байгаа аж.


Тавдугаарт, Грейжойгийн гэр бүл орсон байна Жагсаалтад мөн Мартелл, Талли, Баратеон болон Тайреллын удмынхан багтжээ. Дээрх жагсаалтыг гаргахдаа гэр бүлүүдийн хөрөнгө уг цувралын долоон бүлгийн явцад хэрхэн өөрчлөгдсөнийг харгалзсан аж.


“Хаадын тоглоом” цуврал киног зохиолч Жорж Мартины “Гал мөсний дуун” зохиолоос сэдэвлэн бүтээсэн байна. Эхний цуврал 2011 оны дөрөвдүгээр сарын 17-нд дэлгэцнээ гарчээ. Уг цуврал кино нь телевизийн түүхэн дэх хамгийн үнэтэй төслүүдийн нэгд тооцогддог. АНУ-д сүүлийн бүлгийн эхний анги энэ сарын 15-нд дэлгэцнээ гарах аж.


Холбоотой мэдээ