Ховд аймаг "Хүүхдийн спортын бага наадам" зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-12 15:19:53

Ховд /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын  сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг "Хүүхдийн спортын бага наадам" дөрөвдүгээр сарын 18-25-ны өдөр Ховд аймагт болно.

Биеийн тамир, спортын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 4 жилд нэг удаа болдог “Монголын хүүхдийн спортын зургаадугаар их наадам”-ын хүрээнд аймгийн БТСГ-аас “Ховд-2019” хүүхдийн спортын бага наадмыг зохион байгуулж, өсвөр үеийн аймгийн аварга баг тамирчдыг шалгаруулахаар төлөвлөж байна.   

Спортын бага наадмын зорилго нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 17.1 дэх заалтыг хэрэгжүүлэх, хүүхэд, өсвөр үеийнхэнд бие бялдар, спортын боловсрол олгох, ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, тэдэнд эр зориг, хамт олонч хүмүүжлийг төлөвшүүлэх, улмаар Монголын хүүхдийн спортын зургаадугаар их наадамд оролцох шигшээ баг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.

Хүүхдийн спортын бага наадмыг жүдо, самбо, чөлөөт, үндэсний бөх, гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, даам, хөнгөн атлетик гэсэн 9 төрлөөр зохион байгуулах бөгөөд Ховд аймгийн 17 сумын ерөнхий боловсролын 25 сургуулийн шилдэг баг, тамирчид оролцох юм. Тэмцээнд оролцогчдыг энэ сарын 18-ны өдөр аймгийн БТСГ-т бүртгэж, мандат олгоно. 


Холбоотой мэдээ