Аймгийн Засаг дарга Д.Батлут “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Д.Батлут “Эрдэнэт үйлдвэр”
ТӨҮГ-ын ажилтнуудтай уулзаж үйлдвэрийн зарим цех, хэсгийн үйл ажиллагаа болон Хаягдлын
аж ахуй, цагаан тоосны нөхцөл байдалтай
танилцлаа.
Үйлдвэрийн
хаягдлын хэмжээ өнөөдрийн байдлаар 80 метр гүн, 1300 га талбайг эзэлж байна. Үүний
50 хувийг технологийн горимоор норгосноор агаар, орчинд дэгдэх дэгдэлтийг зогсоож
үлдсэн талбайгаас нь цагаан тоос босдог байна. Цагаан тоосны дэгдэлтийг бууруулах
зорилгоор тус үйлдвэрээс олон жилийн турш тогтмол судалгаа, туршилт хийжээ.
Хамгийн сүүлд буюу өнгөрсөн оноос зориулалтын бодис ашиглаж хийсэн туршилт
амжилттай болсон байна. Цаашид үүнийг тоос босдог нийт талбайд хийхэд
шаардлагатай техник хэрэгслийг судлах, худалдан авалтыг нь хийхээр ажиллаж
байгаа ажээ.
Эрдэнэт үйлдвэр анх
байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэлх хугацаанд 800 гаруй сая тонн хүдэр
олборлосон байна. Өнгөрсөн онд 31 сая тонн хүдэр олборлосон бол энэ
жил дээрх тоог 31.5 сая тоннд хүргэх зорилт тавьжээ. Энэ хэмжээний олборлолт явуулж буй үйлдвэрийн хувьд байгаль орчны нөхөн
сэргээлт, дүйцүүлэн хамгаалалтын асуудал чухал байдаг. Тухайлбал, байгалийн хур тунадасны нөлөөгөөр үйлдвэрийн овоолгуудаас шүүрэх ус буюу “Ногоон ус” нь хүн,
мал, байгаль орчинд хортой байдаг. Иймд 40 мянган шоо.метрийн багтаамжтай
хоёр бассейнд дээрх усыг хуримтлуулдаг аж. Уг бассейн нь усыг хөрсөнд нэвчихээс
хамгаалсан зориулалтын дэвсгэртэй. Өнөөдрийн байдлаар бассейн 48
хувийн дүүргэлттэй байгаа гэлээ.