Хөрөнгө орлогын мэдүүлэг ба олон нийтийн хяналт

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-04-12 17:55:07

Төрийн албан хаагчид хөрөнгө орлогын мэдүүлэг (ХОМ)-ээ  2 дугаар сарын 15-ны  дотор АТГ-д гаргаж өгдөг хуультай. Энэ жил 40  мянга 800 төрийн албан хаагч ХОМ гаргах үүрэгтэй гэнэ. Эдгээрээс  280 нь төрийн өндөр албан тушаалтан гэж ХОМ хүлээн авагч тал (АТГ)-аас мэдэээлсэн юм. Бусдын анхаарлыг  төрийн өндөр албан тушаалтнууд татах нь тодорхой. Ийм учраас тэдний   хөрөнгө орлогын талаар хэвлэлүүд илүүтэй мэдээлэх юм. Харин олон нийт төрийн бүх шатны албан хаагчийн ХОМ-т  хайнга хандаж байгаа нь ажиглагддаг. 


Аль ч шатны төрийн албан хаагч хөрөнгө орлогоо АТГ-т үнэн зөв мэдүүлэх нь хуулиар хэлээсэн үүрэг нь. Хэрэв хөрөнгөө дутуу, буруу мэдүүлсэн байх аваас түүнийг хууль хяналтын байгууллага шалгах нөхцөл болно. ХОМ-ээ буруу өгснөөсөө болоод шалгуулах төрийн албан хаагч өнгөрсөн хугацаанд цөөн боловч гарчээ. Ёс суртахууны хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцорч, улмаар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хүмүүс мэр сэр бий. Тэднээс тоймлон авч үзвэл С.Баярцогт (2013 он)  ХОМ-тээ  алдаа гаргасан тул тухайн үед хашиж байсан, УИХ-ын дэд даргаас чөлөөлөгдөж сул гишүүн болсон.  Харин 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа тэрбээр сул иргэн болсон байдаг. Одоо түүнийг АТГ шалгаж байгаа. Саяхан яллагдагчаар татсан тухай мэдээлэл цацагдаж байна билээ. Ийм болохоор ХОМ-т хөнгөмсөг хандаж болохгүй.

 

АТГ төрийн албан хаагчдаас ийм мэдүүлэг авч байгаа нь тэднийг бүх нийтийн хараа хяналтад оруулж байгаа нэг хэлбэр. Иргэд төрийн захиргааны анхан шатны аль нэг нэгжид харьяалагдан амьдардаг. Тэгвэл бүх шатны сонгогддог болон томилогддог төрийн захиргааны ХОМ гаргадаг албан тушаалтнуудын талаар  мэдээлэл авдаг байхад илүүдэхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд хуулийн дагуу ХОМ-ээ өгөх үүрэгтэй. Тэр дагуу хөрөнгө орлогоо мэдүүлсэн байна. Тэгээд төрийн захиргааны төв байгууллагууд бүх шатны Засаг дарга, түүний тамгын газрын түшмэлүүд  ХОМ өгсөн биз. Хөрнгө орлого мэдүүлэх нэг хэрэг. Харин иргэд түүнийг мэддэг байх нь мэдүүлж байгаа албан тушаалтнаас илүү чухал юм билээ. Харин одоо ХОМ-ийг  АТГ цахим сүлжээндээ байршуулж байна. Энэ бол сонирхож байгаа нь түүн рүү орж үзнэ гэсэн үг. Гэвч иргэн бүрт тэр сүлжээ рүү орох боломж байхгүй. Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх үүднээс зөвхөн АТГ-ын сайтад ХОМ-ийг нийтлэх биш,   хүн бүрт хүрэгдэг тогтолцоо бий болгох хэрэгтэй юм биш үү. УИХ-ын гишүүд тойргоос сонгогддог. Тэд тойргийнхоо сонгогчдод хувийнхаа ХОМ-ийг хэвлэж тараадаг байх үүрэгтэй байх гэх мэт.


Мөн төрийн дунд доод шатны албан тушаалтны ХОМ-ийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдэд хэвлэж хүргэдэг байхад илүүдэхгүй. Тэгвэл ямар хэмжээний бэл бэнчинтэй, төрөл садантай  хүн төрд алба хашиж байгааг бүх нийтээрээ мэдэх боломж нээгдэнэ. Түүнээс гадна орон нутагт хуваарилагдсан төсвийн хөрөнгө хэрхэн хэнд очиж байгааг иргэд хянах бүрэн боломжтой болно.  Төрийн албан хаагчийг хөрөнгө орлогоор нь хянадаг энэ тогтолцоог цааш нь энэ мэт төгөлдөржүүлэх хэрэгтэй.  Ингэж баяжуулахгүй бол жил бүр 40 гаруй мянган хүн цаас “үйлдвэрлэдэг” тухайн үед нь хэвлэлээр тэр нь тэдэн байшинтай, машинтай, хадгаламжтай гэж шуугаад өнгөрдөг байдлаар хязгаарлагдах магдлал өндөр байна. Эргэх холбоотой байж ард түмний хяналт жинхэнэ утгаараа хэрэгжинэ. Зарим нэг ХОМ гаргах үүрэгтэн энд тэнд байсан хөрөнгөө мартаж мэдүүлсэн байвал иргэд сануулж, олж өгдөг байж болно. 

Холбоотой мэдээ