Ус түгээх компаниар үйлчлүүлж байгаа бол гэрээ байгуулах журамтай

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-04-10 09:27:25

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Дархан-Ус суваг” ХК 2019 оны гэрээгээ айл өрх, хэрэглэгчидтэй шинэчлэн байгуулж эхэлсэн байна. Тодруулбал холбогдох хууль журамд зааснаар ус түгээх компаниар үйлчлүүлж байгаа бол гэрээ байгуулах журамтай ажээ. ”Дархан Ус суваг ХК аймгийн хэмжээнд нийтдээ 13300 гаруй айл өрх ААНБ-ыг цэвэр усаар хангадаг. Үүний хүрээнд жил бүр айл, өрх, ААНБ-тай гэрээгээ шинэчлэн байгуулдаг байна. Энэ оны шинэчилсэн гэрээг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 5 дугаар сарыг дуустал байгуулна.

Өнгөрсөн 2018 оны тухайд тус компанид харъяалагддаг 13300 гаруй айл өрхийн  83 хувь нь гэрээгээ шинэчлэн байгуулсан бол энэ жил 90-ээс дээш хувьд хүргэх зорилттой байгааг Хэрэглэгчийн албаны дарга А.Батболд онцолж байна. Ингэснээр тухайн компани алдагдалд орохгүй, айл, өрх, ААНБ-д усны өр үүсэхгүй, гэрээ хийгээгүй бол компанийн зүгээс үзүүлэх засвар үйлчилгээг хийхгүй аж. Орон сууцны зоорийн давхрын инженерийн шугам СӨХ-д харъяалагддаг бол айл өрх дотоод шугамын засвар, гэмтлээ хариуцдаг. Тиймээс шинэчилсэн гэрээг шуурхай хурдан хийх үүднээс хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдээрээ дамжуулан хийж байна.

Хуучин Дарханы айл өрхүүд "Дархан-Ус суваг" ХК-ийн төв байр болон Дархан зах дотор байрлах Нийтийн үйлчилгээний нэгдсэн төв, шинэ Дарханы айл, өрхүүд 12 дугаар багт байрлах Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр гэрээгээ хугацаандаа байгуулах боломжтой аж.

Иргэд, ААНБ-ууд 60 хоногийн хугацаанд гэрээгээ байгуулах боломжтой ч өөрсдийн хайхрамжгүй байдлаасаа болж хугацаа дуусах дөхөхөөр гэрээгээ хийхээр ирж ачаалал үүсгэдэг байна. Тиймээс ачаалал үүсгэж хугацаа сунгахгүй байх тал дээр анхаарч цэвэр ус ашиглах 2019 оны шинэчилсэн гэрээгээ хийхийг тус компаниас анхаарууллаа.

Холбоотой мэдээ