Шүдний кабинетад шаардлагатай тоног, төхөөрөмжийг гардуулан өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-04-09 12:36:15
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын ИТХ, ЗДТГ-аас аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүдний кабинетад нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх, Хүүхдийн эмнэлгийн шүдний кабинетад тоног төхөөрөмж суурилуулах ажлыг хэрэгжүүлж байна.
Ажлын хүрээнд 15 сая төгрөгийн үнийн дүн бүхий 17 нэр төрлийн 83 ширхэг багаж, тоног төхөөрөмжийг Шүдний кабинетын эмч, мэргэжилтнүүдэд хүлээлгэн өгчээ.
Чихэр, хийжүүлсэн ундааны хяналтгүй хэрэглээ, буруу дадал зуршилтай холбоотойгоор бага насны хүүхэд болон нийт иргэдийн дунд шүдний өвчлөл сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. Энэ нь салбарын эмч мэргэжилтнүүдэд ачаалал үүсгээд зогсохгүй, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй байдал тулгамдсан асуудал болоод байсныг эмч, мэргэжилтнүүд хэлж байна.
Сонирхуулахад, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн Шүдний кабинетийн дугаарын тараалтад зохицуулалт хийж эмч нар илүү цагаар ажиллаж, өдөрт есөн хүн нэмэлтээр үздэг болжээ. Мөн олон хоногийн давтан эмчилгээнд 10 дугаар тараадаг болж, анх ирж байгаа үйлчлүүлэгчдийн дугаарыг нэмэлтээр, товлолт үйлчилгээгээр тараахаар болсон байна. Ингэснээр өдөрт багадаа 63 хүн Шүдний кабинетаар үйлчлүүлэх боломжтой болж байгаа аж.
Холбоотой мэдээ