Орхон аймагт "Эдийн засгийн форум 2019" чуулган эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-04-09 12:36:30
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах, бизнесийн таатай орчин бүрдүүлэх зорилготой  “Эдийн засгийн форум 2019” чуулган эхэллээ.

Чуулганыг нээж аймгийн Засаг дарга Д.Батлут хэлсэн үгэндээ, “Бидний зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа ОХУ, БНХАУ, БНСВУ-ын Элчин сайдын яам болон НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банк, Жайка олон улсын байгууллага, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөлөл оролцож байгааг та бүхэнд дуулгахад таатай байна. Форумын гол ач холбогдол нь аймгийн гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдээ дэмжих, хөрөнгө оруулалтыг татах боломжийг нэмэгдүүлэх, Орхон аймаг, Эрдэнэт хотын “Ногоон тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2025” бодлогын баримт бичгээ олон нийтэд танилцуулахад чиглэгдэх юм” гэлээ.

 

УИХ-аас 2016 онд “Монгол Улсын Тогтвортой хөгжил 2030” үзэл баримтлалын бодлогын баримт бичгийг баталсан. Энэ үзэл баримтлалын хүрээнд Орхон аймаг “Ногоон тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2025” бодлогын баримт бичгээ баталж өнөөдрийн чуулганд танилцуулж байгааг чуулганд урилгаар оролцогчид онцолж байлаа. 

 

Чуулганд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Энхсайхан,”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, ОХУ-ын Худалдааны төлөөлөгч  М.В.Васильев, БНХАУ-ын  ЭСЯ-ны эдийн засаг, худалдааны зөвлөх Сүн Шүэ Жүн, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн “ЭТИС” хөтөлбөрийн захирал, доктор Карин Райнпрехт нар мэндчилгээ дэвшүүллээ.

 

Чуулганаар  Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн  бодлого, Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт, хүн амын нутагшил, суурьшил, Эрдэнэт хотын “Ногоон тогтвортой хөгжлийн хэтийн зорилтын талаар хэлэлцэнэ. Чуулган байгаль орчин, нийгэм, эдийн засаг, засаглалын тогтвортой хөгжлийн салбар хуралдаанаар үргэлжилнэ. Чуулган 17 цагт өндөрлөнө.  

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ