Монголын Анагаах ухааны академи шинэ гишүүдээр эгнээгээ өргөтгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-04-09 09:58:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монголын Анагаах ухааны академи /МУАУ/-ийн ээлжит чуулганаар шинэ гишүүдийн сонгууль, суурь судалгааны үр дүнгийн тайлангийн тухай асуудлыг хэлэлцэв.

Чуулганы хуралдаанд МАУА-ийн гишүүд 92.2 хувийн ирцтэй чуулж, академийн гишүүнд нэр дэвшигч эрдэмтэн, судлаачид байлцан, чуулганы даргаар МАУА-ийн ерөнхийлөгч, академич Ц.Лхагвасүрэн ажиллалаа. 

МАУА-ийн гишүүнээр Монгол Улсад анагаахын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан, эрдэм судлалын ажлын үр дүнгээрээ өөрийн болон олон улсын түвшинд үнэлэгдсэн, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл туурвисан докторын болон шинжлэх ухааны докторын зэрэгтэй, шинжлэх ухааны ёс зүйг хүндэтгэдэг эрдэмтдийг сонгодог журамтай.

МАУА-ийн гишүүнээр шинээр сонгон шалгаруулах гишүүдийн тоо, салбарын чиглэлийг ШУА-ийн ерөнхийлөгч 2 жилд нэг удаа тогтоох бөгөөд нууц санал хураалтаар сонгодог. Чуулганы үеэр нэр дэвшигчдийн бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулж, эрдэмтэд бүтээлээ дэлгэн танилцуулав.

Хуралдааны дэгийн дагуу МАУА-ийн гишүүнд шинээр нэр дэвшиж буй эрдэмтдийн бүрдүүлсэн материалд хянан магадлагаа хийх шинжээчийн баг ажилласан  тухай танилцуулж, шинжээчийн багийн ахлагч, анагаах ухааны доктор, профессор О.Чимэдсүрэн МАУА-ийн гишүүнд нэр дэвшигч эрдэмтдийн бүтээлийн товчооныг танилцууллаа. Энэ удаагийн ээлжит сонгуулийн баталсан 4 квотын дагуу МАУА-ийн гишүүнд шинээр нийгмийн эрүүл мэнд 1, эмнэл зүй 2, биоанагаах 1, нийт 4 эрдэмтнийг сонгох шалгаруулалтыг нууц санал хураалтаар сонгов. 

Нууц санал хураалтын дүнгээр анагаах ухааны доктор, профессор Х. Алтайсайхан 76.4 хувь, анагаах ухааны доктор, профессор О.Баатархүү 85.2 хувь, анагаах ухааны доктор, профессор Ц.Бадамсэд 94.1 хувь, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Г.Отгон 73.5 хувийн санал авч,  МАУА-ийн гишүүнээр сонгохоор тогтов.

Монголын Анагаах ухааны академийн ерөнхийлөгч, академич Ц.Лхагвасүрэн сонгогдсон гишүүдэд баяр хүргэж, академийн дүрмийг мөрдөн, анагаах ухааныг хөгжүүлэхэд идэвх чармайлт гарган ажиллахыг хүсэв.

Холбоотой мэдээ