Өмнөговь аймгийн хөшөө дурсгалаас танилцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-04-09 13:53:22

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сум болон бусад хөдөө орон нутагт байх хөшөө дурсгалын түүхийг танилцуулъя.


Хөшөө дурсгалын нэр: Г.Дэмүүлийн хөшөө

Бүтээсэн он: 2000 он


Хөшөө дурсгалын товч түүх: Уг хөшөөг Монголын Улсын хурц арслан Г.Дэмүүлийн охин Д.Соёлмаагийн санаачилгаар бүтээжээ. Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул тэрээр бяртай ааг омогтой гэдгээрээ гайхагддаг бөх байв. 1969 онд 8 давж түрүүлэн улсын арслан цол хүртсэн юм. Түүнийг говь нутгаас төрсөн гоц хүчтэн гэж Монгол даяараа дурсан ярьдаг. Мөн төв цэнгэлдэхийн төв хаалгаар Дэмүүл тэргүүтэй Өмнөговийн бөхчүүд орж ирж байгаа нь нэг л сүртэй байдагсан гэж тухайн үеийн настнууд дурсдаг. Түүний тухай домог мэт түүх одоо ч нутгийн иргэдийн амнаас ам дамжин яригдаж буй.

Хурц арслан Г.Дэмүүлийн хөшөө өдгөө Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд аймгийн БТСГ-ын өмнөх талбайд байдаг.


Хөшөө дурсгалын нэр: Т.Борын хөшөө

Бүтээсэн он: 1977 он


Хөшөө дурсгалын товч түүх: Уг хөшөөг 1977 онд босгосон бөгөөд 2003 онд шинэчлэн Г.Дорилогийн зохиомжилсноор зураач С.Борхүү бүтээжээ.

МХЗЭ-ийн 50 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1971 онд Т.Борыг Улсын баатар  цолоор нэхэн шагнасан юм. 1930 онд 17 насандаа  тэр үеийн Богд хаан аймгийн Шанхай уулын хошууны ХЗЭ-ийн үүрийн даргаар сонгогдон ажиллаж байжээ. 1932 оны хавар хувьсгалын эсэргүү Ганжирваа хувилгаан (Одоогийн Баян-Овоо сумын төвлөрч байгаа Долоо шар загийн хөндийн том лам) түүний хамсаатан Дэл хөнжлийн нутгийн Дэлэгсамба, тэдний гар хөл бологсодын үг ятгалгад сохроор итгэн уугуул нутаг усаа орхин харийн нутгийг зорин нүүхээр зэхсэн, хөдөлсөн ардуудад төр засгийн бодлогыг танилцуулан тэднийг буцаахаар Т.Бор хэсэг нөхдийн хамт ухуулга хийж яваад Их Шанхайн зүүн хойд арын Гүнзаараг гэдэг газар эсэргүү нарын отоонд орж хүчинд автан баригджээ. Баригдсан тэднийг Лүнгийн хийдэд аваачиж, баян Мөнх-Очир гэгчийн байшинд заримыг нь алдлан хүлж, заримыг нь эсгий дотор зөрүүлж боож хонуулаад байцаан эрүү шүүлт тулган тарчилган зовоож, маргааш өглөө нь эртлэн "Тугийн цохио" хэмээх нэг талаасаа налуу, нөгөө тал нь 4 метр өндөр цавчим цохион дээр аваачин буудаж нисгэн дээрээс нь том хад, чулуу нураан хороожээ. Тэдний дотроос Цогцолын Сайнбаяр хөндий цээжээрээ буудуулан шархдан мөлхөж яваад Даваа гэгч эмэгтэйн ачаар амьд гарч хувьсгалын эсэргүү нарын харгис үйлдлийг илчлэн зоригт эмэгтэй Т.Бор түүний нөхдийн баатарлаг эх орон ард түмнийхээ энх амгалан байдлын төлөө тууштай тэмцэгч байсан алдар гавъяаны амьд гэрч болсон билээ.


Хөшөө дурсгалын нэр: Буурын баримал

Бүтээсэн он: 1972 он


Хөшөө дурсгалын товч түүх: Энэхүү баримлыг МУУГЗ, нэрт барималч А.Довчиндаваа бүтээжээ. Өмнөговь аймаг нь Монголдоо хамгийн олон тэмээтэй бөгөөд Галбын улаан, Ханын хэцийн хүрэн гэсэн хоёр үүлдэртэй юм. Уг баримлыг "Мөнгөн буур" ХХК одоогоор хамгаалж байна.


Хөшөө дурсгалын нэр: Цацал өргөж буй ээжийн хөшөө

Бүтээсэн он: 2017 он


Хөшөө дурсгалын товч түүх: Өмнөговь аймгийн Хүрмэн сумын угталт үдэлтийн талбайд тус нутгийн уугуул Б.Насандэлгэр санаачлан өөрөө хөрөнгө оруулан бүтээсэн байна. Тэрээр өөрийнхөө эмээ Шархүүгийн Уртнасангийн дурсгалд зориулжээ. Уг хөшөөг эмээгийнхээ дүрээр бүтээлгэсэн байна. Ш.Уртнасан нь 1924 онд Номгон сумын Хүзүүвчийн бууц гэдэг газар төрсөн бөгөөд 1958 оноос "Сүхбаатарын зам" нэгдлийн анхны гишүүн, тус нэгдэлд насаараа мал малласан энгийн малчин эмэгтэй юм. Мөн тэрээр тус нэгдлийн 14 удаагийн аварга саальчин болж байсан түүхтэй ажээ.


Хөшөө дурсгалын нэр: Хэлмэгдэгсдийн хөшөө

Бүтээсэн он: 2010 он


Хөшөө дурсгалын товч түүх: Өмнөговь аймагт харьяалагдах улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүний тоо 1937-1942 оны хугацаанд 1020 байдаг. Тэдний 883 нь буудан алах ял зааж, 107-г нь 10 жил хорих, бусдад нь эрх хасуулах, хөрөнгө хураалгах, хоригдох, шоронд нас барах, зэргээр шийтгэгдсэн бөгөөд 126 хүн хорих ял эдэлсэн. Эдгээр хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд хэлмэгдэгсдийн хөшөө байгуулсан. Мөн хэлмэгдэгсдийг буудан хороосон гурван гол газарт дурсгалын хөшөө босгосон байна.


Хөшөө дурсгалын нэр: Гурван хатны хөшөө

Бүтээсэн он: 2011 он


Хөшөө дурсгалын товч түүх: Уг хөшөөт цогцолборыг тухайн үеийн аймгийн Засаг дарга Б.Бадраагийн санаачилгаар "Уран сийлбэр" ХХК нержийн материалаар бүтээжээ. Зургаан метр өндөр тухайн хөшөө нь Говь гурван сайхан уулсын домгийг агуулсан байна. Тус уул нь хангай нутгийн гурван бүсгүй говийн гурван хүүд дурлаж алс холоос ирсэн хэмээх домогтой бөгөөд говийнхон бүсгүй уул хэмээн нэрлэдэг. 


Хөшөө дурсгалын нэр: ГАЗ-67 машины хөшөө

Бүтээсэн он: 2009 он


Хөшөө дурсгалын товч түүх: Энэхүү машин нь Өмнөговь аймагт анх орж ирсэн машинуудын нэг гэж үздэг бөгөөд авто тээврийн ахмадууд уг машиныг сэлбэн янзалж ийнхүү хөшөө болгон босгосон байна. Тээвэрчдийн 60 жилийн ойн дурсгалд зориулан тухайн үед Ж.Самбуу даргын унаж байсан машиныг 16-р баазын ахмадууд ийн мөнхөлжээ. Уг ГАЗ-67 маркийн машин нь А-69-ийн өмнөх загвар аж.


Хөшөө дурсгалын нэр: Ажнай

Бүтээсэн он: 2011 он


Хөшөө дурсгалын товч түүх: Өмнөговь аймгийн түүхт 80 жилийн ойгоор Ажнай корпарацийн захирал Д.Бат-Эрдэнийн санаачилга, мөн түүний санхүүжилтээр байгуулсан байна. Уг хөшөө дурсгалыг байгуулахад нэг тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд Даланзадгад суманд бэлэглэжээ. Тэрээр Монголын алдартай хурдан таван ажнайн дурсгалыг мөнхжүүлсэн байдаг байна.


Хөшөө дурсгалын нэр: Батмөнх даян хаан

Бүтээсэн он: 2013 он


Хөшөө дурсгалын товч түүх: Монголын төрийг 47 жил барьсан Батмөнх даян хааныг Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт төрсөн гэж судлаачид тогтоосон. Төр барих хугацаандаа дайн дажингүй амар амгалан байдлыг тогтоож, Монголын түүхэнд том хувь нэмэр оруулж нэрээ мөнхөлсөн билээ. Тиймээс түүний хөшөө дурсгалыг тус аймгийн нутгийн удирдлагын өмнөх төв талбайд босгосон байна.


Холбоотой мэдээ