Энэ долоо хоногт олон улсад болох онцлох үйл явдлууд

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-04-08 11:25:17

ЛОНДОН. /BBC/. Өнөөдөр эхэлж буй шинэ долоо хоногт болох томоохон үйл явдлуудыг Их Британийн “BBC” суваг онцолсон байна.


  • Brexit”-ийг хойшлуулах эсэх


Европын холбооны удирдагчид лхагва гарагт уулзаж, Их Британийн тус холбооноос гарах хугацааг хойшлуулах эсэх талаар хэлэлцэнэ.


Онцлох болсон шалтгаан?

ЕХ-ны удирдагчид “Brexit”-ийг хойшлуулах тухай Тереза Мэйн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Их Британи зөвшилцсөний дагуу энэ долоо хоногийн баасан гарагт ЕХ-ноос гарах юм.


Брюссельд болох Европын холбооны удирдагчдын ээлжит бус хуралдаанаар “Brexit”-ийг ирэх зургадугаар сарын 30 хүртэл хойшлуулах Т.Мэйн саналыг хэлэлцэх ажээ.


"Их Британи ЕХ-ноос гэрээгүйгээр гарахаас зайлсхийхийн тулд “Brexit”-ийг хойшлуулах нь зүйтэй" хэмээн Т.Мэй үзэж байна. Хэрэв гэрээгүй гарсан тохиолдолд бизнесийн үйл ажиллагаануудад асуудал үүсэж, боомтуудад хүндрэл учирна хэмээн ЕХ-ны удирдагчид болон Их Британийн парламентын олон гишүүн үзэж байгаа юм.


Баасан гарагт Их Британи гэрээгүйгээр ЕХ-ноос гарах магадлал өндөр байгаа хэдий ч дахин тааварлашгүй нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй юм.


  • Энэтхэгийн сонгууль


Пүрэв гарагт Энэтхэгийн бүх нийтийн сонгуулийн санал хураалт эхэлнэ. Энэхүү сонгуулийг дэлхийн хамгийн том ардчилсан сонгууль хэмээн нэрлэж байгаа ба 900 сая хүн саналаа өгөх юм. Сонгууль ирэх тавдугаар сарын 19 хүртэл үргэлжилнэ.


Онцлох болсон шалтгаан?

Дэлхийн хамгийн олон хүн амтай БНХАУ-ыг /1.39 тэрбум хүн амтай/ Энэтхэг улс /1.34 тэрбум хүн амтай/ хүн амын тоогоороо ойрын ирээдүйд гүйцэж түрүүлэх төлөвтэй байна. Ийм учраас дээрх сонгуульд ялалт байгуулагчид нь дэлхийн хамгийн олон хүн амтай улсыг удирдан жолоодох юм.


Одоогийн Ерөнхий сайд Нарендра Моди өөрийгөө улиран сонгогдоно хэмээн найдаж байгаа нь тодорхой. Харин ажиглагчдын хувьд Н.Моди олонхийн саналыг авч улиран сонгогдох уу? аль эсвэл сөрөг хүчний удирдагч Рахул Гандигийн сорилттой тулгарах уу? гэдэгт санал хуваагдаад байна.


  • Израилд ч мөн сонгууль болно


Удирдагчаа сонгох сонгууль Энэтхэгээс гадна Израилд болох ба тус улсын иргэд Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг тав дахь удаагаа сонгох эсэхээ шийдэх юм.


Онцлох болсон шалтгаан?

Хэрэв Б.Нетаньяху Израилын зэвсэгт хүчний штабын дарга асан Бенни Ганцыг ялах аваас тэрбээр Израилын Ерөнхий сайдын албыг хамгийн удаан хашсан нэгэн болох ажээ. Урьдчилсан санал хураалтуудаас харахад Б.Нетаньяхугийн баруун жигүүрийн эвсэл ялалт байгуулах магадлал өндөр байна. Үүний зэрэгцээ палестинчуудын талаар хатуу байр суурь баримтлагч хийгээд каннабисын талаар хууль тогтоомж батлахыг уриалж буй Зехут нам ч мөн ялалт байгуулахыг үгүйсгэхгүй юм.


  • Израил саран дээр газардах уу?


Израилын сансар судлалын төхөөрөмж пүрэв гарагт саран дээр буух оролдлого хийнэ.


Онцлох болсон шалтгаан?

Энэхүү үйл явдал нь сансар огторгуйн судалгаанд шинэ эрин үеийг нээнэ. Хэрэв Израилын “Beresheet” робот саран дээр амжилттай газардвал хувийн санхүүжилтээр явуулсан энэ төрлийн анхны оролдлого амжилттай болсон тохиолдол болох юм. Урьд нь АНУ, ОХУ, БНХАУ-ын Засгийн газрын Сансар судлалын агентлагууд л энэ төрлийн үйл ажиллагааг явуулж байсан билээ.


Beresheet” робот хэдийнэ томоохон амжилт гаргаад байгаа ба өнгөрсөн долоо хоногт Израил улс сарны тойрог замд төхөөрөмжөө оруулсан долоо дахь улс болсон юм.


Хэрэв “Beresheet” амжилттай газардах аваас гэрэл зургуудыг авч, дэлхий рүү илгээхийн зэрэгцээ судалгаа хийх гэнэ.

Холбоотой мэдээ