Байт харвааны тэмцээнд 60 орчим өсвөрийн тамирчид цэц мэргэнээ сорин өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-04-06 23:26:19

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монголын хүүхдийн спортын VI их наадмын хүрээнд Дархан-Уул аймгийн аварга шалгаруулах анхан шатны тэмцээнүүд болж байна. Энэ хүрээнд байт харвааны аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохиож 60 орчим өсвөрийн тамирчид цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.

Тэмцээнд оролцож байгаа тамирчдын дунд анхлан суралцагчдаас эхлээд бүс, улсын шилдгүүд, спортын 1, 2-р зэрэгтэй тамирчид олон байсан аж. Монголын хүүхдийн спортын VI их наадам нийтдээ 25 төрөлтөөр болно. Эдгээрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дундах пара олимпийн 2 төрөлт тэмцээн багтаж байгаагаараа онцлогтой. Одоогоор 6 төрлийн тэмцээн уралдаан зохиосон бөгөөд цаашдаа шат дараатайгаар тэмцээн уралдааныг явуулж төрөл тус бүрийн шилдгүүдийг нэгтгэн шалгаруулж Монголын хүүхдийн спортын VI их наадамд аймгаа төлөөлөн оролцох баг, тамирчдыг тодруулах ажээ

Өнгөрсөн их наадмуудад Дархан-Уул аймгийн тамирчид жил бүр тогтмол амжилт үзүүлж ирсэн бөгөөд энэ жилийн тухайд ч олон спортын төрөлтөөр найдлага дүүрэн байгааг аймгийн БТСГ-аас онцолж байна. Ялангуяа байт харвааны спортоор улс, бүсийн чанартай тэмцээнүүдэд чамлахааргүй амжилтуудыг үзүүлэн мөнгө, хүрэл медалийн эзэд болж байжээ.

Дархан-Уул аймаг дахь Байт харвааны спортын салбар хорооноос аймгийн 16 болон 18 дугаар сургуульд тус спортын секцийг тогтмол хичээллүүлж, сургуулийн удирдлагуудын зүгээс дэмжих болсноор аймгийн өсвөрийн тамирчдын тоо жил ирэх бүр өсөн нэмэгджээ.

Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шилдгээр шалгарсан тамирчдаас улсын аваргуудаа тодруулдаг Монголын хүүхдийн спортын VI их наадмыг ирэх 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулна. Урьдчилсан буюу аймгийн аварга шалгаруулах анхан шатны тэмцээнүүд ийнхүү үргэлжилж байна.

Дашрамд, Монголын хүүхдийн спортын их наадам нь улсын чанартай хамгийн томоохон тэмцээн бөгөөд “Азийн хүүхдүүд-2020” олон улсын хүүхдийн наадамд улсаа төлөөлөн оролцох тамирчдыг шалгаруулах ажээ

Холбоотой мэдээ