“Би нар” киноноос гэр бүлийн үнэ цэнэ "гэрэлтэнэ"

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2019-04-06 14:42:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Би нар” гэр бүлийн уран сайхны кино өчигдөр Зайсан Хилл цогцолборын “Prime Cineplex” кино театрт нээлтээ хийлээ.


Энэхүү уран бүтээлийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар кино багийн уран бүтээлчид хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд бүтээжээ.

Уг бүтээлд техник технологийн дэвшил, нийгмийн шилжилт хөгжлийн үйл явц хүний нийгэмд тэр тусмаа гэр бүлийн харилцаанд хэрхэн нөлөөлж байгааг өгүүлэх юм. Энэхүү уран бүтээл нь бүх насныхан үзэхэд тохиромжтой гэр бүлийн уран сайхны кино болсноороо онцлогтой. Олон улсад “Family drama” буюу гэр бүлийн кино түгээмэл байдаг бол манай улсад төдийлөн бүтээгээд байдаггүйг уран бүтээлчид нь тодотгож байна.

“Хайртай хүмүүстэйгээ заавал үзэх кино” хэмээн тодорхойлж байгаа тус киноны зохиолыг МЗЭ болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч М.Эрдэнэбат, найруулагч Ж.Сэнгэдорж нар хамтран бичжээ. Харин гол дүрд “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргалын хүү Ө.Итгэл болон жүжигчин Л.Шинэзул, Ж.Ирмүүн нар тоглосон байна. Киноны дууг дуучин Б.Баярцэцэг, “GUYS 666” хамтлагийн гишүүн М.Мягмар, Загвар өмсөгч С.Сарнай, “Татар” хамтлаг болон Монголын Хүүхдийн ордны найрал дуучид дуулжээ. Мөн “Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч Дарханы хотын "Эгшиглэнт чимээ” хамтлагийнхан хөг нэмсэн байна. 

Найруулагч Ж.Сэнгэдорж уг киногоороо 1990 оноос хойш Монголын нийгэмд болж өрнөсөн үйл явдлууд, техник технологийн хөгжил ялангуяа цахим орчин, компьютер тоглоомын хор хөнөөл хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгаа, гэр бүлийн харилцааны чухал чанар, үнэ цэнийг гурван бүлгээр хүмүүст сануулахыг зорьсон гэдгээ хэллээ.


Тэрбээр хэлэхдээ, ““Киноныхоо гол баатрыг 13 настай хүүхдээр сонгосон нь  хүүхдийн шилжилтийн үе энэ насан дээр тогтдог гэж үздэг.  Мөн нийгэмд болж байгаа хүчирхийлэл бухимдал төрүүлсэн үйл явдлыг шууд хүргэхээсээ илүү амьдралын гэгээн бүхнийг харуулахыг зорилоо” гэсэн юм.


Тус киноны нэгдүгээр үзэгдлийн Цэцэгээ охины дүрд тоглосон Дундговь аймгийн 6 дугаар ангийн сурагч Б.Долгормаа, “Анх кинонд тоглож байгаа болохоор жүжиглэх нь маш хэцүү байсан. Би аймгийнхаа “Тэнгэрийн тэмдэг” драмын дугуйланд дөрөв дэх жилдээ сурч байгаа. Тийм болохоор уран уншаад сурчихсан. Харин кинонд тоглоход энгийн харилцах хэрэгтэй юм билээ. Сүүлийн үед хүүхдүүд, үе тэнгийн найзууд маань амьд харилцаа байхгүй үргэлж утсаараа тоглодог болсон. Үзэгчид та бүхэн энэ киног гэр бүлээрээ заавал үзээрэй. Хүүхэд утсаар хэтэрхий их тоглоод байвал энэ киноны гуравдугаар үзэгдэлд гардаг шиг зүйл тохиолдоно шүү” хэмээн ярилаа.


Киноны хоёрдугаар хэсэгт Монголын цирк хөгжлийн төвийн дэргэдэх уран нугараач охид хамтлагаараа оролцон тоглосон бөгөөд  нүүдэлчин амьдрал, үндэсний язгуур соёл урлаг зэргийг уг бүтээлдээ шингээхийг зорьсон байна.

Аав, ээжүүд хүүхдүүдтэйгээ хамтдаа суугаад үзэхэд тохиромжтой кино ховор байдаг. Хүүхэлдэйн кинонд ч хүртэл цензур тавих шаардлага бий болчихоод байна. Тэгвэл  "Би нар” уран сайхны  киног гэр бүлээрээ ирж үзэхийг киноны анхны үзэгчид уриалж байлаа.

 

 

Холбоотой мэдээ