Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилохыг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох асуудлыг зөвшилцөх тухай Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг хэлэлцэж, дэмжлээ.
Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нэр
дэвшигчийг танилцууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Содбилэг, “С.Зориг агсны
хэргийн сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн нь ил болсон. Тиймээс энэ хэргийг дахин
шалгах уу” хэмээн тодруулав. Мөн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүхийн
шийдвэрийг нийтэд ил тод болгох боломж байгаа эсэхийг асуув. Түүнчлэн
сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн бичлэгийг хуульч, эмч нарт үзүүлэх хэрэгтэй гэлээ.
Сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн хэргийн талаар надад дэлгэрэнгүй мэдээлэл
байхгүй гэдгийг нэр дэвшигч Б.Жаргалсайхан хэлээд, “Энэ хэргийг нотлох баримтаар
нотолсны дараа прокуророос Улсын дээд шүүхэд дүгнэлт бичиж хүргүүлнэ. Мөн энэ
хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг судлан хуулийн хүрээнд ил болгоно”
гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, “Монгол Улсын Ерөнхий прокурор бол Төрийн
хууль цаазын тэргүүн зөвлөх юм. Энэ бол Төрт ёсны, шударга ёсны дээд хэмжүүр
хэмээн ойлгодог. Иргэдийн төр, хууль хяналтын байгууллагад итгэх итгэл унаж
байгаа. Мөн УИХ хууль, шүүхийн хараат бус байдалд халдлаа гэсэн мэдээлэл
дотоод, гадаадад гарч байна. Монгол Улсын прокурорын шийдвэр нэг банкнаас
хараат болсон байсан нь үнэн. Одоо ч захиалгаар томилогдсон прокурор бий. Тиймээс
та томилсон албан тушаалтандаа үйлчлэх бус Монголын төр, ёс зүй, хуульд үнэнч
байх ёстой” хэмээв.
Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ж.Батзандан нар ЖДҮХС-гаас төрийн өндөр
албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд зээл авсан асуудал, төрийн өмчийг
хууль бусаар авсан иргэн, аж ахуйн нэгжүүдийг судлан, хуулийн хүрээнд
шийдвэрлэх шаардлагатай хэмээн захилаа.
Улсын ерөнхий прокурор нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн хэрэгжилт, гэмт
хэргийн нөхцөл байдлын талаар УИХ-д мэдээлэл өгдөг. Тиймээс ойрын хугацаанд уг
мэдээллийг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулж, хуулийн хэрэгжилтийг хангах, тулгамдаж
буй асуудлыг шийдвэрлэх бодлогоо тодорхойлох хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
дурдав.
Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “Прокуроруудыг авлига авахаас сэргийлэх,
тэдний нийгмийн баталгааг хангах үүднээс 2016 онд цалинг нь нэмсэн. Тиймээс
прокурорын байгууллага шударга, шуурхай ажиллах ёстой” гэлээ.
Нэр дэвшигч Б.Жаргалсайхан, “2016 оноос өмнө прокуроруудын цалин бага
байсан. Үүний улмаас чадварлаг боловсон хүчнүүд өөр байгууллагад шилжин ажиллах
тохиолдол байсан. Цолны нэмэгдлээс эхлээд бусад урамшууллыг нь хасаж тооцвол,
2016 оноос өмнө 880 мянган төгрөг байсан прокурорын цалин 1.7 сая болж өссөн.
Үүний дараа прокурорын байгууллагын боловсон хүчин харьцангуй тогтвортой
ажиллаж байгаа” хэмээн хариулав.
Мөн төрийн өндөр албан тушаалтнууд оффшор бүсэд данс эзэмшсэн хэрэг, Оюутолгойн
хөрөнгө оруулалтын гэрээ, “Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг "Стандарт" банкинд
барьцаалсан асуудал зэргийг шалгаж, шуурхай шийдвэрлэхийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ,
Т.Аюурсайхан нар захилаа.
Нийгэмд хүлээлт үүсгэсэн олон хэргийг хэрхэн шийдвэрлэхээс хууль хяналтын
байгууллагын нэр хүнд хамаарах тул шуурхай судлан, хуулийн хүрээнд шийдвэрлэнэ
гэдгээ нэр дэвшигч хэллээ.
Прокурорын байгууллага иргэнийг ялладаг бус шүүх шударга шийдвэр гаргахад
хяналт тавьдаг байх ёстой гэдгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гишүүн дурдав.
Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 94.6 хувь дэмжиж, санал, дүгнэлтээ Ерөнхийлөгч Х.Баттулгад
хүргүүлэхээр тогтсоноор өнөөдрийн чуулган өндөрлөв.
Б.Жаргалсайхан 55 настай. 1973-1983 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн II
сургууль, 1983-1988 онд Монгол Улсын Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн,
Хууль цаазын тэргүүн зөвлөх зэрэгтэй юм.
Ажилласан байдал:
1988-1990 онд Өвөрхангай аймгийн, Прокурорын Газарт хяналтын прокурор,
1990-1996 Тээврийн Прокурорын Газарт тээврийн прокурор,
1996-2000 онд Өвөрхангай аймгийн Прокурорын Газарт прокурор,
2009-2011 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хяналтын прокурор,
2011-2014 онд Тээврийн Прокурорын Газар тээврийн прокурор,
2014-2015 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хэлтсийн дарга,
2017.01.07-2017.07.01 Улсын Ерөнхий Прокурорын Газрын Хэрэг бүртгэх
ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга,
2017 оноос Улсын Ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх
ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажиллаж
байна.