Буруу хооллох нь цагаасаа эрт нас барахын шалтгаан болдог

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-05 15:44:57

НЬЮ-ЙОРК. /TASS/. Буруу хооллолтын улмаас хүний бие дэх бодисын тэнцвэртэй байдал алдагдах нь хүндээр өвдөх, жам ёсны цагаасаа эрт нас барах үндсэн шалтгаануудын нэг аж. Вашингтон муж улсын Их сургуулийн дэргэдэх Эрүүл мэндийн хэмжилт ба үнэлгээний хүрээлэнгийн эрдэмтэд 1990-2017 оны хугацаанд томоохон хэмжээний судалгаа явуулсны дүнд ийм дүгнэлтэд хүрчээ.


Эрүүл мэндийн “The Lancet” сэтгүүлийн мэдээлснээр, цаг бусаар нас барсан 5 тохиолдол тутмын нэг нь буруу, зохисгүй хооллолттой холбоотойг мэргэжилтнүүд тогтоосон байна. Тухайлбал, хоол тэжээлийн дутагдлын улмаас болон хоол тэжээлийн тэнцвэрт байдлыг их хэмжээгээр алдагдуулсны улмаас 2017 онд 11 сая хүн нас барсан байна.


Судлаачид хоол тэжээлийн тэнцвэрт бус байдлыг хоёр шалтгаанаар тодорхойлж болно гэж үзэж байна. Эхний шалтгаан нь хүнсэнд уураг, өөх, нүүрс ус байнга дутагдаж байгаатай холбоотой бол хоёр дахь нь мах, элсэн чихэр, давс болон бусад бүтээгдэхүүнийхээ хэрэглээг ихдүүлж байгаатай холбон тайлбарлажээ.  


Судалгааны ажилдаа эрдэмтэд 195 орны хүн амыг хамруулж, тэдний ямар хоол хүнсийг илүүд үздэгийг тооцолохын сацуу зан заншил, амьдралын түвшнийг нь харгалзан үзжээ. Тухайлбал, Афганистан зэрэг оронд хоол тэжээлийн дутагдал, өлсгөлөнгийн улмаас жам ёсны цагаасаа эрт нас барах магадлал өндөр байхад Франц, Испани, Япон зэрэг хөгжилтэй орнуудад элсэн чихэр, давс, улаан махыг их хэмжээгээр хэрэглэсний улмаас ийм аюулд ордог байна. Эдгээр бүтээгдэхүүнийг ихээхэн хэмжээгээр хэрэглэх нь таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчин үүсгэдэг юм. 

Холбоотой мэдээ